Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Тайванийн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран уруул, тагнай нь төрөлхийн сэтэрхий монгол хүүхдүүдийг эмчлэх “Хязгаар нутгийн инээмсэглэл” аяныг эхлүүллээ.
Монголд хийх боломжгүй байсан энэхүү хагалгааг Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн тусламжтайгаар хийж эхэлсэн бөгөөд 2009 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн гурван эмчийг Тайваньд мэргэжил дээшлүүлэх зургаан сарын хугацаатай сургалтад хамруулсан байна. Дараа жил нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг Баян-Өлгийд ажиллуулан 30-аад хүнд хагалгаа хийсэн нь энэ ажлын эхлэл байсан гэв. Тус сан нь ЭХЭМҮТ-тэй хамтран 10 жилийн дотор Монголын уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдийг эмчилж дуусгах зорилготой байгаа бөгөөд эмч нарын баг энэ сарын 8-15-нд Хөвсгөл аймагт ажиллах бол наймдугаар сарын 10-17-нд Архангай аймагт, есдүгээр сарын 7-17-нд Баян-Өлгий, аравдугаар сарын 1-7-ны хооронд Дундговь аймагт тус тус ажиллах юм байна.
Хөдөө орон нутгийнхан хөрөнгө мөнгөний гачигдлаас болж хүүхдүүдээ тэр болгон хотод авчирч эмчлүүлж чаддаггүй учир эмч нарын багийнхан энэ мэтээр Монголын бүх аймагт очиж, буяны гараа сунгах аж.
Энэ талаарх холбогдох хүмүүсийн ярианаас хүргэе. Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгч Ли Куй Пин “Бид уруул тагнай нь сэтэрхий хүүхдүүдэд хүрч ажиллаад гурван жил болж байна. Бүх зүйлийг үнэ төлбөргүй хийж өгч байгаа гэдгээрээ онцлогтой. Энэ хугацаанд 200 гаруй хүүхдэд энэ үйлчилгээг хүргэсэн.
Өмнө нь манай улсад мэс заслын чиглэлээр суралцаад ирсэн эмч нар бусдадаа туршлага хуваалцсанаар хүүхдүүдэд хүрч ажиллах боловсон хүчний тоо нэмэгдэж байгаад таатай байна.
Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн зорилго зорилтот бүлэг хүүхдэд туслах явдал гэдгийг онцолмоор байна. Тухайлбал Улаанбаатар хотын есөн дүүргийн 6000 гаруй хүүхэд манай сангаас сар бүр халамжийн мөнгө авдаг. Цаашлаад худаг барих, оюутны тэтгэлэг, хороодод номын өргөө зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг” гэв.
Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Улаанбаатар хот дахь төлөөлөгч Ян Шинь И “Саяхан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Энэ өдрөөр хүүхдүүд ямар гоё баярлаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэвч өдөр болгон амьдралаа баяр баясгалантайгаар өнгөрөөж чадахгүй байгаа хүүхдүүд олон байдаг. Тэр дундаа уруул тагнай нь сэтэрхий хүүхдүүд нэгэн баяр баясгалангаа гээчихсэн байдаг. Хэдийгээр уруул тагнай нь сэтэрхий байх нь амь насанд халгүй ч гэсэн тэдгээр хүүхдийн өдөр тутмын амьдралд маш их нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл өдөр болгон ямар ч санаа зоволгүйгээр хичээлдээ явж чаддаггүй, нийгмийн бусад харилцаанд орохдоо ичиж, зовох байдалд байнга автаж байдаг.
Эдгээр хүүхдэд Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сан, Монголын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамтын хүчээр тусалснаар тэдэнд аз жаргал, баяр баясал бэлэглэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна” гэв.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч Г.Аянга “Хүн бүхэн ховорхон хувь зохиолоор эцэг эхээ баярлуулан хорвоод мэндэлдэг. Гэвч орчин үеийн хөгжил, амьдралын хэв маягаас болж сүүлийн жилүүдэд ургийн гаж төрөлт нэмэгдэх болсон. Үүний нэг нь уруул тагнайн сэтэрхий байдал. Манай улсад 1000 нярай тутмын нэг нь уруул, тагнай нь сэтэрхий төрдөг гэсэн судалгааг гаргаад байгаа.
Үеийнх нь жаалууд тэднээс цэрвэн дөлдгөөс ийм хүүхдүүд ганцаардаж, том болох тусмаа зүс царайнаасаа ичин, нийгмээс хөндийрч зожгирдог. Энэ нь эргээд эцэг эхэд нь дарамт болно. Цаашлаад ийм эмгэгтэй төрсөн хүүхдийн амьдралын чанар муудах ч сөрөг талтай.
Тиймээс гажиг заслын эмчилгээг бага насанд нь хийх нь нэн чухал. Манай улсад энэ төрлийн хагалгааг ганцхан ЭХЭМҮТ хийж байна. Хөдөө орон нутгаас уруул тагнай нь сэтэрхий төрсөн хүүхдүүдийг тэр бүр авч ирээд эмчлүүлэх боломж нөхцөл нь хомс байдаг. Тиймээс Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сантай хамтран “Хязгаар нутгийн инээмсгэлэл” аянг эхлүүлж байгаа юм.
Өмнө нь энэ төрлийн ажлыг зохион байгуулахаар дотоодын томоохон аж ахуйн нэгжүүд, олон улсын байгууллагуудад хандаж байсан ч бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Харин гурван жилийн өмнөөс энэ сантай хамтран ажиллаж байна. Энэ дашрамд Тайванийн сайхан сэтгэлт ард иргэддээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх” хэмээн талархал илэрхийлэв.
Эх сурвалж: