Итали Улсын мэргэжлийн дасгалжуулагч, хөл бөмбөгчид монгол хүүхдүүдэд сургалт явуулна

“ITALIAN SOCCER CAMP” хөл бөмбөгийн хүүхдийн сургалт дэлхийн 30 гаруй улс оронд жил бүр зохион байгуулагддаг.
Монгол улс энэхүү арга хэмжээнд 2011 онд анх удаа оролцсон бөгөөд 5 хүүхэд сонгон шалгаруултанд тэнцэж Итали улсыг зорьж байсан юм.
Тэдний төлөөлөл болох Ганболдын Ганбаяр Европын лигт амжилттай тоглож эх орныхоо нэрийг өндөрт өргөж байгааг бид бүхэн мэднэ.

Тэгвэл “ITALIAN SOCCER CAMP” 2023 сургалт Улаанбаатар хотод есдүгээр сарын 9-12-ний өдрүүдэд “Спортоор Дэлхийд гарах Монгол ур чадвар” гэсэн уриан дор удаан хугацааны дараа дахин зохион байгуулагдах гэж байна.

Сургалтад бүртгүүлсэн 8-14 насны 1200 гаруй хүүхдээс 120-г  нь сонгон шалгаруулж, Италийн алдартай багш дасгалжуулагчид 4 өдрийн бэлтгэлд хамруулах юм. Эдгээр хүүхдүүдэд хичээл заах дасгалжуулагчдын дунд  Италийн алдарт хөл бөмбөгчин, Дэлхийн аварга, Ж.Замбротта багтаж байгаа бөгөөд  Италийн шигшээ багийн 5 дасгалжуулагчийн хамт  Монгол улсад ирээд буй  юм.

“ITALIAN SOCCER CAMP” 2023-д хамрагдсан хүүхдүүдээс сүүлийн шатанд  3-5 хүүхдийг шалгаруулж 2023 онд Итали улсад болох олон улсын хөл бөмбөгийн фестивальд  үнэ төлбөргүй оролцуулах юм.

Энэ удаагийн арга хэмжээ нь зөвхөн хөл бөмбөг бус хоёр орны соёлын солилцоо, спорт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлсэн юм.

Мөн цаашид энэхүү арга хэмжээ  жил бүр зохион байгуулагдах тул  Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуурсгах олон шилдэг тамирчид төрөн гарах үүд хаалга нээгдэж байна гэдгийг  ч давхар  онцоллоо.

Италийн алдарт хөл бөмбөгчин, Дэлхийн аварга, Ж.Замброттагаас Монгол улсад хүрэлцэн ирсэн сэтгэгдлийг сонслоо.

-Та Монголд ирсэн анхны сэтгэгдлээ хуваалцвал ?

-Одоохондоо Монгол Улстай танилцаж хараахан амжаагүй байна. Би урьд шөнийн 03.00 цагт ирсэн. Тиймээс цаг зав гараагүй байна. Гэхдээ Монголыг маш сайхан орон гэдгийг мэднэ. Энд байх хугацаандаа сайн танилцах бодолтой байна. Тэр мөчийг тэсэн ядан хүлээж байна.

-Та Монголын хөл бөмбөгийн тамирчдын ур чадварын талаар юу гэж бодож байна вэ?

-Би одоогоор Монголын хөл бөмбөгийн тамирчдын тоглолтыг үзэж амжаагүй байгаа. Энд байх хугацаандаа хөл бөмбөгийн холбоо болон тоглогчдын ур чадвартай сайн танилцах бодолтой байна.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие …