Фото: Хөвсгөл аймагт “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөг болж байна

Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч болон тариалан эрхлэгчдээ дэмжих, органик мал аж ахуй эрхлэгч, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогчдыг дэмжих, хүнсний хангамжийг нэмэгдүүлэн улмаар ногоон эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх, шинэ зах зээл, боломжийг нээх зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон  төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдтэй хамтран “Органик мах Хөвсгөл Экспо-2023” өдөрлөгийг энэ өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ  сарын 12, 13-ны өдөр Шадар ван Чингүнжавын талбайд болж буй  өдөрлөгт Хөвсгөл аймгийн  21 сум, нэг тосгоны 170 гаруй иргэн, 16 аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

Мөн “Органик мал аж ахуйн баталгаажуулалт ба органик мах, махан бүтээгдэхүүний экспортыг хөгжүүлэх боломжууд” сэдэвт хэлэлцүүлгийг өрнүүлж, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг баталгаажуулж, гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгарууллаа.

Мөн уламжлалт идээ ундааг сурталчлан, органик мах, мах боловсруулалт, хоолны технологийг танилцуулж, хоолны амталгаа шоу үзүүлбэр зохион байгууллаа. Хөвсгөл аймгийн орлогын гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйн салбар бөгөөд жилд дунджаар 1.5-1.8 сая толгой мал зах зээлд нийлүүлж, мах, сүү, ноос, ноолуур гээд 360 тэрбум төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж байна.

Тус аймаг органик хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, 2030 он гэхэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 5 хувийг органик баталгаажуулалтад хамруулахаар зорьж, улмаар 2023 оныг “Органик Хөвсгөл” жил болгон зарлажээ. Энэ жилийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнг танилцуулах цогц арга хэмжээ нь “Органик мах Хөвсгөл экспо-2023” өдөрлөг юм.

“Эсгий туургатан” төслийг санаачлагч, ерөнхий продюсер М.Галхүү эрчмийн үүлдрийн ямаагаар хийсэн боодгоороо зочдыг дайлж амтлууллаа.

Тэрээр Монгол орныхоо хоолыг судалж 11 жил ажиллалаа. Баруун бүсийн аймагт ажиллаж ирээд Хөвсгөл аймагт энэ өдөрлөгт оролцож байгаадаа баяртай байна. Монгол үндэсний хоол нарийн учир жаяг, хийцтэй монгол хүний биед зохицсон байдаг гэж байлаа.

Мөн өдөрлөгт эрчмийн хар ямааны сүүн баялаг, амталж, хатаасан борц, нөөшилсөн мах махан бүтэгдэхүүн, нутаг нутгийн цагаан идээ, эсгий, арьс, ноосон гар урлал, эдлэл, сур, дээс, хонь ямааны арьсан эдлэл зэрэг бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, худалдаалсан нь олны сонирхлыг хэрэгцээг ихэд татаж байлаа.

Өдөрлөгт оролцогчдын төлөөлөл

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ТӨМӨРБУЛАГ СУМЫН МАЛЧИН П.БАТХИШИГ: Суран эдлэл хийх аргыг хөгшин ааваасаа сурсан. Энэ өдөрлөгт 10 гаруй төрлийн эд хэрэглэлтэй оролцож байна. Дан гар аргаар үйлдвэрлээд 7 жил болж байна. Жилд арваад үхрийн шир бэлтгэж эд хэрэглэл хийдэг. Нэг үхрийн ширийг сар гаруй хугацаанд элдэж бүтээгдэхүүн гаргадаг болохоор тийм ч амар ажил биш. Бугуйл 120 000, хазар 35 000-79 000, даруулга, олом 45 000-60 000, ташуур 25 000 төгрөгийн үнэ ханштай байна. Хот хөдөөнөөс захиалга авч хийдэг. Онцлог нь миний бүтээгдэхүүн эдэлгээ сайтай.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ГУРВАН-ЭРДЭНЭ СУРГУУЛИЙН БАГА АНГИЙН БАГШ  Э.ТЭГШЖАРГАЛ: Ажлынхаа хажуугаар гэр бүлийнхээ хүнтэй хамт хүнсний ногоо тариад 4 дэх жилдээ орж байна. Монгол сармис тариалж эхэлсэн бол одоо таван төрлийн хүнсний ногоо тарьж, борлуулж байна. Энэ жил анх удаа тарвасаа хураагаад баяртай байна. Зуныхаа амралтын гурван сарын хугацаанд 50 сот газарт тарвас тарьж 10 орчим тн тарвас хурааж авлаа. Нэг кг-ыг нь 2000 төгрөгөөр зарж байна. Энэ жил ургац сайтай, бид ч ажилтай, орлоготой сайхан байна. Ер нь санаачилж, ажиллаж хийж чадвал бидэнд боломж байна. Хичээлээ зааж ирчхээд амжвал талбайдаа ажиллана. Эсвэл амралтын өдрөөр ажиллана. Одоо ч сайн сурч байна.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МӨРӨН СУМЫН НОГООЧИН М.ГАНТӨМӨР: “Шинэ хөдөө” төслөөс хоёр хүлэмжийг зээлээр авч Голландын дээд зэргийн сортын үр тариаллаа.  Шар хулуу, брокли, улаан лооль, өргөст хэмх, чинжүү, цагаан лууван гээд 20 гаруй төрлийн төмс, хүнсний ногоо тариалж байна. Мөрөнгийн төвөө тойроод 10 гаруй га талбайд ногоо тариад 10 дахь жилдээ золгож байна. 1 га-аас 25 тн, жилдээ 150-160 тн ногоо хураадаг. 2022 онд 3 хувийн хөнгөлөлттэй зээл авч үрээ шинэчилж, тоног төхөөрөмжөө шинэчиллээ. Хүлэмжиндээ хураана, шууд борлуулна, бас цэцэрлэгүүдэд өгдөг. Энэ жил ургац сайн байлаа. Одоо их хураалт эхэлнэ.

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумаас өдөрлөгт оролцож байгаа Я.Сүхболд …. Түйсэн сав, манай эцэх эх өвгөчүүл хийдэг байсан. Хонины арьс их хаягдаж байна. Хонь, тарваганы арьсаар эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Хүмүүс хаяж байхаар авчирч өгч элдүүлж болно. Нэг хонины арьсыг 2000 төгрөгөөр элдэж байна. Жилд 400-500 арьс элдэх боломжтой жижиг цех ажиллуулдаг. Хуучны аргаар гангаар элдэхээр хүмүүс үнэр танар гээд бас голох маягтай болохоор үйлдвэрийн аргаар хийж байна. Сая сумаасаа, бас Булганы Хутаг-Өндөр дэх “Мах маркет” компаниас хонь, ямааны арьс авч элдэж, суудлын бүрээс, олбог, дээлийн дотор зэрэг бүтээгдэхүүн хийж байна.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …