Монгол Улс, БНХАУ-ын Хууль зүйн яам хоорондын ялтан шилжүүлэх болон эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаарх 4 дэх удаагийн Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр оролцлоо.
БНХАУ-ын Бээжин хотноо 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан тус уулзалтаар хоёр улсын хооронд байгуулсан эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний хэрэгжилт, ялтан шилжүүлэх асуудлаар мэдээлэл, санал солилцож, харилцан дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Мөн Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Руань Даньшөн, гадаад харилцааны орлогч дарга Жан Шиао Хан, Жан Лун нартай ажил хэргийн уулзалт хийж, хоёр улсын Ерөнхий прокурорын газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудал болон зарим эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг тухайлан авч хэлэлцсэн байна.
Тодруулбал, нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа авахаар Монгол Улсаас тус улсын эрх бүхий байгууллагад хүргүүлсэн хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлүүлэх талаар санал солилцож, БНХАУ-ын Ардын дээд прокурорын газраас энэ асуудалд анхаарч, хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлжээ.