Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. 2023 оны 3 дугаар улирлын шалгалтын бүртгэл наймдугаар сарын 16-наас эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотод 1604 иргэн шалгалт өгөхөөр бүртүүлсэн юм.
Шалгалтын эхэнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд “Улсын хэмжээнд 3200 орчим хүн шалгалт өгч байна. Манай улсын нийт хүн амын 65 хувийг 35-аас доош насны залуучууд эзэлдэг. Иймд залуучуудын ашиг сонирхолд нийцсэн, шаардлагыг хангасан төрийн алба байх ёстой. Өнөөдрийн шалгалтад нарийн мэргэжлээр сурч төгссөн залуус ихээр орж буйг онцлон хэлмээр байна. Төрийн албаны шалгалт цахимжсанаар хөндлөнгийн нөлөөгүйгээр ил тод нээлттэй явагдах боломж бүрдсэн. 1993 оноос эхэлсэн төрийн албаны шинэчлэл одоог хүртэл үргэлжилж байна” гэлээ.
Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн, Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба “Төрийн албаны төв, салбар зөвлөлийн зүгээс иргэдэд чирэгдэлгүй байдлаар шалгалтын агуулга, зохион байгуулалтыг хийх бодлого баримталж байгаа. Авах шалгалтын тестийг нэгтгэж ном болгон хэвлэн гаргасан. Мөн цахим хэлбэрээр бэлдэх бололцоог олгосон. Ерөнхий шалгалтын хариу шууд гардаг. Шалтгалтад тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгэгддэг. Албан байгууллагууд шинээр ажилтан шалгаруулж авах хүсэлтийг Төрийн албаны зөвлөлд гаргадаг. Энэ хүсэлтийн дагуу төрийн албаны тусгай шалгалтын зар товлогддог” гэв.
Өнөөдрийн шалгалтын нээлтэд ЖАЙКА байгууллагын төлөөлөл ирж оролцсон юм. Тус байгууллагын Засаглалын газрын дэд дарга Ямамото Минако “Манай байгууллага 1993 оноос буюу Монгол Улсын төрийн алба шинэчлэгдэж эхэлсэн цагаас дэмжлэг үзүүлж ирсэн. Төрийн албаны шалгалтыг өндөр түвшинд зохион байгуулдаг нь харагдаж байна. Япон улс одоог хүртэл цаасаар шалгалт авдаг бол Монголд улс орон даяар нэгэн зэрэг цахимаар авч буй нь дэвшилттэй санагдлаа. Монголыг залуучуудын эх орон гэдэг. Шалгалт өгч буй эдгээр залуус эх орныхоо хөгжлийн төлөө хичээн зүтгэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн юм.
Төрийн албаны тухай хуульд зааснаар шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулагдсан. Энэ онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтсон. Гуравдугаар улирлын шалгалтыг нийслэлийн нутгийн захиргааны Яармаг дахь цогцолборт зохион байгуулж байгаа бөгөөд гурван хоног үргэлжилнэ.