138 өндөр настан “Ахмадын орон сууц”-нд амьдрах эрхийн бичгээ гардан авлаа

p18b351mt612rqa6o1fh8thd1lcueНийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Эдийн засаг, нийгмийн зорилтод тусгагдсаны дагуу орон сууц нэн шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цаашилбал моргейжийн зээл авах нөхцөл нь бүрдээгүй байгаа залуу гэр бүлд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн ИТХ-ын 2013 оны 05 сарын 09-ний өдрийн хуралдаанаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг баталсан. Нийслэлийн хэмжээнд 1995-2012 онд албан ёсоор орон сууцны өргөдөл гаргасан 8200 гаруй иргэн байгаа бөгөөд шийдвэрлэх нэг гарц нь “Ахмадын орон сууц” хөтөлбөр гэж нийслэлийн удирдлагууд үзэж, журамд тусгасан шалгуурын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас томилогдсон мэргэжилтнүүд эхний 5000 орчим өргөдөлтэй танилцаж, шалгуур хангасан 128 өндөр настны жагсаалтыг гаргажээ. Хэдийгээр орон сууц хүссэн олон өргөдөл байгаа ч өмнө нь улсаас байр авч байсан, өөрийн нэр дээр байр, хашаа байшинтай, хэдхэн сарын өмнө өмчлөлийн байраа хүүхэддээ шилжүүлсэн зэргээр журмын  үзүүлэлтийг хангаагүй тохиолдол нилээд гарчээ.
“Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, түрээсийн орон сууцанд орох иргэн дараахи6 шалгуурыг хангасан байх ёстой. Үүнд:
  • Улсаас орон сууц авч байгаагүй
  • Улаанбаатар хотын харъяат ба сүүлийн 5 жилд нийслэлд амьдарсан байх
  • Өрхийн орлого нь ашиглалтын болон түрээсийн зардлаа төлөх чадвартай байх
  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон 3 сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай байх
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй,  Монгол Улсын иргэн байх
  • Тэтгэвэр эсхүл халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй байх ба өөрийн өмчлөлийн газар, гэр, байшин болон автомашингүй байх

Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комиссыг ахалдаг бөгөөд комиссын 2013 оны 12 сарын 02-ны өдрийн хурлаар Улаанбаатар хотын ЗАА-наас журмын шалгуур хангасан гэж үзсэн 128 өндөр настны материалтай танилцаж эхний ээлжийн 300 айлын орон сууцанд оруулах 01 тоот тогтоол гаргасан юм.  Тогтоолын дагуу  дээрхи 128 өндөр настнаас гадна Нийслэлийн Засаг даргад Нийслэлийн Цагдаагийн газраас гаргасан хүсэлтийн дагуу зайлшгүй шаардлагатай 10 албан хаагчийг “Ахмадын орон сууц”-нд оруулахаар болж,өнөөдөр нийслэлийн удирдлагууд эрхийн бичгийгнь гардууллаа. Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Улс эх орондоо олон жил зүтгэсэн ч төрөөс зайлшгүй халамж шаардлагатай азай буурлуудаа түрээсийн зарчмаар орон сууцанд оруулахаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Ирэх онд Ахмадын орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлэхэд 10 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Тиймээс ирэх онд олон ахмадууд орон сууцанд орох боломж бүрдэнэ” гэж онцлон хэллээ.
Нийслэлийн үе үеийн удирдлагууд, холбогдох сайд, дарга нарт удаа дараа өргөдөл өгч, найдлага тавин хүлээж байсан өндөр настнууд  өнөөдрөөс эхлэн  ийнхүү түрээсийн орон сууцандаа амьдрахаар боллоо.Тэд өөрийн гэсэн байр, хашаа байшин, өмчлөлгүй, айлын хашаанд гэр түрээслэдэг,олон жилийн өмнө гэр нь шатаж, подвальд байдаг гээд хүндхэн нөхцөлд амьдарч байсан юм. Энэ үеэр өндөр настан Ж.Галя “40 шахам жил төрөөс орон сууц хүсч олон ч дарга нарт өргөдөл өгч явсан эмээ нь өнөөдөр ийм сайхан байранд орно гэж бодож явсангүй. Нийслэлийн удирдлагууддаа баярлалаа. Та нарын минь ажил үйлс өөдрөг байх болтугай” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.
Эдгээр иргэд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Бэрэн” группын барьсан 25,8м.кв-37.3м.кв талбайтай 1 өрөө 300 айлын орон сууцны эхний өрхүүд болж байгаа юм. “Ахмадын хотхон-1” ОНӨААТҮГ-аас 12 сарын 09-ний өдрөөс эхлэн иргэдтэй түрээсийн гэрээ хийх бөгөөд орон сууцны түрээсийн төлбөрийг м.кв-г 3000 төгрөгөөр тооцон байрны талбайгаасаа шалтгаалан сард 77 400-111 900 төгрөгийг иргэд төлнө. Үүн дээр цахилгаан, цэвэр, бохир ус, дулааны ашиглалтын зардал нэмэгдээд ойролцоогоор иргэд 110 000- 170 000 төгрөг төлөх тооцоог гаргаад байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …