Г.Одонцэцэг: Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд бодисын солилцоог сайжруулах хоол унд идэж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх хэрэгтэй

Ханиад томуу, амьсгалын замын өвчлөлийг уламжлалт анагаах ухаанаар үр дүнтэй эмчилж байгаа болон урьдчилан сэргийлэх, хэрхэн дархлаагаа сайжруулах талаар Манба Дацан-Бодь сэтгэлтэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, дэд профессор, Гавьяат эмч Г.Одонцэцэгийн зөвлөгөөг хүргэж байна.

-Ямар ч хүчтэй антибиотикт дарагдахгүй байгаа ханиадыг уламжлалтаар маш үр дүнтэй эмчилж байгаа. Ханиадыг  уламжлалт эм, эмчилгээгээр маш хурдан хугацаанд үр дүнтэй эмчилж байгаа эмчилгээний зарчим нь юу вэ?

-Ханиад бол халуун төрлийн өвчин. Халуун өвчин дөрвөн язгуур хэлбэртэй. Ханиад гэхэд халдварт болон шарын халуунаар хямарсан ханиад гэж байна. Халдварт ханиад байна уу, хямарсан ханиад байна уу гэдгээс шалтгаалаад оношилгоо, эмчилгээ нь өөр байдаг. Ялангуяа вирусээр үүсгэгдэж байгаа ханиад буюу халдварын гаралтай ханиад нь хийн бэлгэ чанартай зайлшгүй хавсарсан байдаг.

Халуун шарын бэлгэ чанар ихэссэнийг бууруулан тэгшитгэх, вирусийг устгах, хийн бэлгэ чанарыг тэгшитгэх гэсэн эмчилгээний үндсэн зарчмыг баримтлан эмчилнэ. Хэрэв халдварт ханиадны үед зөвхөн вирус, халууны эсрэг эмчилгээ хийгээд хийг тэгшитгэх эмчилгээг орхигдуулбал халууны суурь нь хийн бэлгэ чанараар өдөөгдөн өвчин түргэн хугацаанд хүндэрч, эдгэрэлтийн хугацаа удааширдаг.

Мөн хий, халуун хавсарснаар таталт өгөх, ясанд шунаснаар яс үес, зүрх амин судсанд хий хямрах, чихээр хатгуулах зэрэг хийн эрхтнүүдийг давхар хямрааж, эдгээр эрхтнүүдийг хоёрдогчоор өвчлүүлэх магадлалтай. Харин халдварын бус хямарсан халууны хэлбэрийн ханиад нь шууд халуун дэлгэрэх байдлаар эхэлдэг. Ийм ханиадыг боловсруулах шаардлагагүй бөгөөд халуун бууруулах эмчилгээг эхэлнэ. Тиймээс эмчилгээний зарчмаа зөв тодорхойлоод, тэрхүү зарчмын дагуу эм, эмчилгээгээ зөв сонгоод хийвэл харьцангуй богино хугацаанд, урхаггүйгээр эдгээх бүрэн боломжтой юм.

-Уламжлалт эм тан сайн байна гэхээр хүмүүс шууд л ямар тан сайн байгааг асуугаад түүнийг нь хүүхдэдээ уулгах гээд байдаг. Уламжлалт эмийг ингэж ууж болох уу?

-Ханиадны үед нийтлэг хэрэглэгддэг эм тан байна. Ер нь өвчний хүнд, хөнгөн байдлаас шалтгаалаад эмчилгээг хийнэ. Биеийн дархлаа сайтай, өвчин хөнгөн үед заавал эм, тан, заслын эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Энэ үед сайн унтаж амарч, ажлын ачааллаа багасгаад, чацарганын шүүс, халуун аарц, хонины махтай саримстай шөл зэрэг хоол унд хэрэглэхэд ханиад намдана.

Харин халуурах, олон удаа ханиах, нус цэр ихсэх, толгой өвдөх, биеийн хүч тамир суларч доройтох, уушгинд хатгаа үүсэх зэргээр өвчний хүч их байгаа тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, эмчийн заавар, зөвлөгөөний дагуу эм, эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Мэргэжлийн бус хүний таамгаар эмчилгээг явуулж болохгүй. Ялангуяа хүүхдийн өвчин, тэр дундаа халуун өвчин бэлгэ чанараасаа хамаараад маш хурдан явцтай байдаг. Өвчин маш хурдан хүндрэх, бусад эд эрхтнийг хамрах, цаашлаад амь насанд эрсдэлтэй тул зайлшгүй эмчид хандах нь зүйтэй.

-Уламжлалтаар ханиадыг хэдий хугацаанд эмчлэх боломжтой вэ?

-Ханиадны хүнд, хөнгөнөөс хамаараад өвчний явц тодорхой хугацаанд үргэлжилдэг учраас үүнтэй уялдаад эмчилгээг нь тодорхой хугацаанд тасралтгүй үргэлжлүүлэх шаардлагатай. Дунджаар үндсэн эмчилгээ буюу эмчийн хяналтад эм тан уух, жин дэвтээлэг, төөнүүр, зөгийн балтай татлага гэх мэт тохирсон эмчилгээг 5-7 хоног хийнэ.

Цаашдаа урхгийг нь арилгах эмчилгээг дахиад 7-10 хоногт хийж, үүний дараагаар урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авна. Эмчилгээний явцад хувь хүн, хүүхдийг бол эцэг, эхчүүд нь асарч, сувилан хоол унд, явдал мөр, эмчилгээний дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй.

-Тан уусан хүүхдийн дархлаа маш сайн тогтдог гэсэн. Тэгэхээр уламжлалт эм дархлаа тогтоох давхар үйлчлэлтэй гэсэн үг үү?

-Уламжлалт эм тангийн жорд халуун бууруулах, нян вирусийг устгах үйлчилгээтэй ургамлууд байхын зэрэгцээ хийг тэгшитгэх, дархлаа сайжруулах, хаван хөөх зэрэг үйлчилгээтэй ургамлын найрлага давхар ордог. Тэгэхээр яг тухайн хүнд ямар эмгэг өөрчлөлтүүд байгаа эсэхээс хамаараад жороо сонгодог.

Уламжлалт анагаах ухаанд баримталдаг эмчилгээний зарчим маш нарийн. Ганц эд эрхтнийг анагаагаад бусад эд эрхтнийг орхигдуулдаг зарчим байдаггүй. Түүгээр үл барам халуун, халдварт өвчний үед илэрдэг сэтгэл зүйн эмгэг өөрчлөлтийг нь ч харгалзан үзэж, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг. Энэ нь эмчилгээний үр дүнд чухал нөлөөтэй.

-Эм тан ууж байхад юуг анхаарах ёстой вэ?

-Тухайн тангийн үйлчлэлийг бууруулах хоол унд хэрэглэх, өвчний явцыг цааш улам дэлгэрүүлэх явдал мөрийг цээрлэж, эмчилгээний дэглэм сахих хэрэгтэй.

Ялангуяа халдварт ханиадны үед эмчилгээний дунд үеэс буюу өндөр халууралт нь буураад ирмэгц хийн бэлгэ чанар ихсэхтэй зэрэгцээд саримстай шөл, битүү шөл, халуун аарц, сүүтэй цай, банштай цай, гурилтай шөл, хуушуур зэрэг тослог, бүлээн чанартай хоол ундыг хэмжээг нь тохируулан хэрэглэх нь үр дүнтэй. Мөн энэ үед нуруу, хөлийн ул, гарын алга зэргийг сүүлний тосоор тосолж, илэх, далан дээр нь тогшилттой массаж хийж өгөх хэрэгтэй. Ийнхүү үндсэн эмчилгээний хажуугаар хийг дарах эмчилгээг хийснээр хүндрэл багатай, эдгэрэлт нь түргэн байдаг.

-Дархлаагаа сайжруулах, ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Ид хүйтний улирал болж байгаа учраас ноос, ноолуур, арьсан хувцас зэрэг дулаан хувцас өмсөж, толгой чихээ далдалсан малгай өмсөх, бөгсөн биеэ хаасан урт хормойтой пальто, үслэг дотортой гутал өмсөх, гэр орноо сайтар дулаалж, гаднын хүйтэн агаар салхинаас биеэ сайтар хамгаалах хэрэгтэй.

Биеийн дотоод галын илчээ тэтгэж, бодисын солилцоог сайжруулах хоол унд хэрэглэх нь зүйтэй.

 Хүйтэн ус ундаа уух, хэтэрхий сэрүүн чанартай жимс, өргөст хэмх, салатны навч зэрэг түүхий ногоо хэрэглэх, их хэмжээгээр ус уух зэргийг хориглох хэрэгтэй. Биеийн дасгал хөдөлгөөн тогтмол хийж, хий цусны гүйдлийг сайжруулах хэрэгтэй.

Мөн хоорондоо хэрэлдэж тэмцэлдэх, архи дарс уух, зугаа цэнгэлийг хэтрүүлэх, сэтгэлээр гутрах зэрэг хэл, сэтгэлийн буруу үйлдлээр биеийг хямраахаас сэргийлж, өдөр тутам зөв, өөдрөг, өөрт болон бусдад тустай сэтгэлээр өөрийнхөө болон үр хүүхэд, эргэн тойрны хүмүүсийн сэтгэлийг тэтгэж, халамжилж байх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал нөхцөл болно.

 

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …