Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан өнөөдөр /2023.11.13/ болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад хариулт өглөө.
Хотын дарга Х.Нямбаатар ““Аз жаргалтай Улаанбаатар” зэрэг фантазтай яриагаа одоо больё. Аль болох бодитой, уянгын халилгүйгээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэе. Нийслэлийн нийтийн тээвэрт маш олон жил бугшсан аж ахуйн нэгжтэйгээ хуйвалддаг авлигын тогтолцоо байгаа. Өмчийн харилцааны газар нь зориуд шүүх дээр ялагдаж өгдөг авлигын тогтолцоо байгаа, газрын алба ялгаагүй. Энэ бүхнийг засахын тулд энэ хуульд нийслэлээс газар дахин олгохгүй гэж оруулсан. Хэдүүлээ, зөв зүйлийн төлөө хамтдаа урагшаа явъя.
Автобусны хариуцлагын асуудлыг хөндөж байгаа нь зөв. Би бүх дарга нарыг нь шалгуулъя гээд өргөдөл өгсөн, АТГ дээр дуудаж байгаа. Мөрдөх байгууллага нь шийднэ. Удахгүй энэ хэргийг шүүхэд шилжүүлэх асуудал яригдаж байгаа юм билээ, өөр нарийн мэдээлэл алга.
Нийтийн тээврийн тендер энэ сарын 24-ний өдөр нээгдэнэ. Тендер нээх процессыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамт хийнэ. Ингэхдээ сонгон шалгаруулалтыг богино хугацаанд хийж, дүгнэлтээ гаргаад, маргаан үүсээгүй тохиолдолд гэрээ хийж чадвал 2023 ондоо багтаад нийт авахаар төлөвлөсөн автобусныхаа 50 хувийг, Цагаан сараас өмнө үлдсэн 50 хувийг авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуульд нээлттэй тендерийг 30 хоног зарласны дараа нээлт хийнэ гэсэн хуультай учраас хууль зөрчиж өмнө нь нээх буюу сонгон шалгаруулах боломжгүй” гэлээ.