“Баавгайн хөндий” баримтат кино олон улсын наадмуудаас 20 гаруй шагнал хүртэж, дээд амжилт тогтоолоо

Францын найруулагч Хамид Сардар-Афхами Монгол орны тухай, тэр дундаа онгон дагшин байгаль, түүнийг хамгаалж буй байгаль хамгаалагчийн тухай өгүүлсэн “Баавгайн хөндий” баримтат кино олон улсын кино сонирхогчдын анхаарлыг татаж, шилдэг бүтээлээр дэлхийн нэр хүндтэй Festival international du film et livre d’aventure de la rochelle, Festival international du film ornithologique de ménigoute, Le grand bivouac, Matsalu international nature film festiva, Alpin film festival, Jackson wild media awards зэргээс 20 гаруй цом, шагналуудыг хүртээд байна.

Дэлхийн уушги болсон 5 тивийн ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдралаар сэдэвлэн бүтээсэн уг киноны гол санаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлж, хүн төрөлхтөнд, ялангуяа шийдвэр гаргагчдад байгаль хамгаалалд анхаарлаа хандуулахад нөлөөлөл үзүүлэхэд чиглэсэн.

Францын ARTE TV-н найруулагч Хамид Сардар –Афхами ерөнхий найруулгыг хийж, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн уг кино эгэл амьдралын үнэн төрх, онгон байгалийг харуулснаараа олны анхаарлыг татаад байгаа бөгөөд Монгол орны байгаль зохисгүй ашиглалт, хулгайн анчид, мод бэлтгэгчид, уул уурхайн олборлолт зэргийн золиос болохын хажуугаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөгөөр доройтож, зэрлэг амьтад дайжиж, устаж үгүй болоход хүрч буй бодитоор өгүүлснээрээ онцлогтой.

Монгол орны тайгын ой болон биологийн олон янз байдлын хамгаалалд анхаарлаа хандуулахыг уриалсан уг бүтээлийг БОАЖЯ, ЗГХА Ойн газар, “Монголын байгаль хамгаалагчдын холбоо” ТББ-аас зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олон нийтэд толилуулахаар боллоо.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …