АТГ: Өмнөговь аймгийн газрыг гадаадын иргэнд эзэмшүүлсэн гэх хэрэгт 11 хүнийг яллагдагчаар татсан

Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос Өмнөговь аймагт БНХАУ-ын 38 компанид Үндсэн хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж газар олгосон асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан.

Өмнөговь аймагт гадаадын иргэдэд газар олгосон асуудлаар өнөөдөр /2023.12.08/ Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусгаад 2023 оны есдүгээр сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Прокурорын хяналтын шатанд явж байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:Монгол Улсын Газрын тухай хуульд тухайн шатны Засаг дарга нь газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалтыг зөрчиж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Э гэгч нь 2020 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А 225 тоот захирамжаар “Фүжибит” гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй нэгж талбарын газарт 13.6 га газар хууль бусаар эзэмшүүлсэн,

-“Изий транспорт” гэх компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 14.5 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн,

-2020 оны есдүгээр сарын 29-ний өдрийн А 249 дугаартай захирамжаар “Силвер титан интернэйшнл” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 13 га газар эзэмшүүлсэн,

-2020 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн А 295 дугаартай захирамжаар “Бат-Орших баян” гэдэг компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 18 га газрыг хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх үйлдэлтэй хэргийг.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Н гэгч нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А 364 дугаарт захирамжаар “Сан Арвитай” компанид 20 га газрыг 15 жилийн хугацаатай гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшүүлсэн,

2021 оны есдүгээр сарын 17-ны өдрийн А295 дугаартай захирамжаар “И Ли Ар Гарден” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт 10 га газрыг эзэмшүүлэх,

2021 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн А30 дугаартай захирамжаар “Соронзон говь” компанид Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан хад нэртэй газарт 20 га газар хууль бусаар эзэмшүүлсэн,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2023 оны аравдугаар сарын 6-ны өдрийн А315 тоот захирамжаар “Азхуртрэвел” компанид 10 га газар хууль бусаар эзэмшүүлсэн байж болзошгүй гэх мөрдөн байцаалтын хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн.

АТГ-аас Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт газрыг хууль бусаар эзэмшүүлсэн гэх эдгээр хэргийн мөрдөн байцаалтыг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх санал гаргасан. Энэ хэрэгт нийт 11 хүнийг яллагдагчаар татсан”гэлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …