Залуучуудад ашиггүй ч алсдаа улс оронд хэрэгтэй бүсчилсэн тойргийн ЖАГСААЛТ

Эрх баригчид ирэх жилийн сонгуулийн “зураг”-аа бүрэн гаргасан бололтой. Тойргийг хэрхэн байгуулах талаар үг унагаж эхэллээ. Мэдээж эрх барьж буй нам нь өөрт байгаа давуу талаа ашиглаж “тоглоомын дүрэм”-ээ зохиох учиртай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт МАН-ынхан одоо байгаа тойргоо улам томруулах саналыг гаргаж, дээр доргүй алга ташуулав. Мэдээж тойргийг томсгох нь алсдаа улс оронд хэрэгтэй зүйл мөн үү гэвэл мөн. Харин ийм шийдэлд хүрэхэд юу нөлөөлөв, эрх баригчид яагаад энэ сонголтыг хийх болсон бэ гэдэг нь сонирхолтой.

Нэг, Тойргийг томсгох талаар Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй томчууд дуугарч байгааг хамгийн түрүүнд анзаарах нь зүйтэй. Мөн тойргийг улам томруулж бүсчилсэн байдлаар сонгууль явуулах саналыг анх Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар чуулган дээр анх дуугарсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын түвшинд байгаа номер хоёр энэ талаар үг хэлнэ гэдэг бол уг саналыг Засгийн газраас гаргаж байна гэж шууд ойлгоход болно.

Мөн өнгөрсөн долоо хонгийн гурав дахь өдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон МАН-ын генсек дөрөв төрийн ордонд багагүй хугацаанд уулзсан. Уг үйл явдлын маргааш нь Ч.Хүрэлбаатар сайд тойргийг бүсчилсэн байдлаар томруулах асуудлыг хөндөв. Өөрөөр хэлбэл, МАН-ын хамгийн бүдүүн дарга нар бүгд уг асуудлаар ойлголцсон гэсэн. Ялангуяа уг саналыг Засгийн газрын зүгээс нэлээн сүрхий зүтгүүлж буй гэх мэдээлэл байна.

Товчхондоо, улстөрчдийн үг үйлдлийг ажиглахад тойргийг улам томруулж бүчилсэн байдлаар ирэх сонгуулийг явуулах нь тодорхой болж ирлээ. Сонгуулийн тойрог байгуулах асуудлыг УИХ-аас тогтоол гаргаж шийдвэрлэх учиртай. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд Засгийн газраас барьж буй бодлогууд болох “Хөдөөгийн сэргэлтийн таван цагираг” болон боомтын сэргэлт зэргийг яг өнөөдрийнх шиг төсвийн хөрөнгийг үр ашиггүй дээвэр, туургад зарцуулж байхад хэрэгжүүлэх боломжгүй. Ерөнхий сайд ч өнгөрсөн 9 дүгээр сард аймгуудаар тойрч ажиллах үедээ тойрог томруулах агуулгыг анх онцолж хөндөж байсан. Ялангуяа иргэдийн зүгээс ахуйн шинж төсвийн хөрөнгө оруулалт хүсэхээс илүү улс орон, бүс нутгийн шинжтэй томоохон бүтээн байгуулалтын талаар түлхүү сонирхож байсан юм. Тиймээс улс төрд шинэ залуучууд гарч ирэхэд бага зэрэг төвөгтэй хэдий ч улс орны хөгжил, бүтээн байгуулалтад хэрэгтэй гэдэг агуулгаар нь тойрог томруулах ажлыг ийнхүү том зургаар нь хөндөж буй аж.

ХОЁР, Тойргийг одоо байгаагаас нь улам томруулах нь мэдээж Монголын улс төрийг жалганаас гаргана. Сонгогчдод таалагдахын тулд попрох, боов боорцог тараах байдал нь ч эрс буурна. Өөрөөр хэлбэл, улс орны шинжтэй том бүтээн байгуулалт руу төсвийн хөрөнгө зарцуулагдах боломж бүрдэх юм. Харин шинээр улс төрд орж ирэх гэж буй залуучуудад бол ашиггүй хувилбар байх болно. Дээр нь жижиг намуудад ашиггүй хувилбар байх нь гарцаагүй.

Учир нь бүсийн зарчмаар сонгуульд сонгогчид илүү олон мандатад маш олон хүмүүс дундаас сонголт хийнэ гэсэн үг. Товчхондоо өмнө нь нэг аймаг, дүүрэгтээ танигдсан байх нь шаардлагатай байсан бол одоо нэг бүсэд орсон хөрш аймгийнхаа иргэдээс санал авна гэсэн үг. Энэ нь шинэ нэр дэвшигчдэд нөхцөл байдлыг хүндрүүлэх юм. Тиймээс тойргийг бүсчилсэн байдлаар томруулах нь танигдсан бөгөөд улс орны хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд нөлөөтэй эрхмүүд сонгуульд илүү амжилттай оролцох нөхцөл байдлыг бүрдүүлэх юм. Уг давуу талыг мэдэрсэн учраас улс төрийн хуучин бууны хугархайнууд илүүтэй энэ прогрессив саналыг дэмжиж буй хэрэг. Мөн хүчтэй кандидат багатай намуудын хувьд том тойрог ашигтай нүүдэл. Ерөнхийдөө намын дарга нарын нэр хүнд болон тойрогт танигдсан хүмүүсийн хооронд л гол өрсөлдөөн өрнөх болно.

Гурав, МАН-ын даргын хувьд энэ саналыг гаргаж нөлөө бүхий гишүүдээр дэмжүүлэхээс гадна Ерөнхийлөгч, УИХ-ын даргатай зөвшилцөхөд заавал нэг тодорхой ойлголцол явсан байх учиртай. Товчхондоо дунд үеийн төлөөллүүд болон залуу үеийн төлөөллүүд аль аль нь намын жагсаалт болон тойрог байгуулах асуудал дээр давуу талуудаа бий болгосон байх учиртай. Магадгүй Ерөнхий сайд, МАН-ын генсек хоёрын ах нартайгаа хийсэн тохиролцооны гол үндэс нь намын жагсаалтад дан залуучуудыг оруулна гэдэг дээр явсан ч байж болно. Мэдээж аль болох ирэх сонгуульд жагсаалтыг ашиглаж өөрсдийн багаа парламентад бүрдүүлэх учиртай.

Тэгвэл зүүн бүс, хангайн бүс, Дархан болон Сэлэнгэ, Баруун бүс гэх зэргээр тойргийг томсгочихоор нэг бүс дунджаар 10 гаруй мандаттай болно гэсэн үг. Ингэснээр намын жагсаалтаас гадна тойргийн жагсаалт гэх зүйл гарч ирэх болно. Жишээлбэл, баруун бүс болох Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай гэсэн нэг том тойргоос сонгогчид нийт 13 гишүүн сонгоно. Нам бүр 13 нэр дэвшигч илгээх учраас намынхаа нэр дэвшигчдийн аль хэсэгт нь нэр нь бичигдэхээс шалтгаалж сонгогчдын саналыг илүү авах магадлал үүсэх учиртай. Өөрөөр хэлбэл, ирэх сонгууль намын нэрийн жагсаалтаас гадна тойргийн нэрийн жагсаалт гэдэг зүйл бий болно гэсэн үг. Бүсчилсэн тойрогт нэр дэвшигчдийн жагсаалтын эхний байрууд бол багагүй нэмэх оноо болно. Ийм ач холбогдолтой зүйлийг зүгээр нэг цагаан толгойн дарааллаар хийхгүй гэдэг нь ойлгомжтой.

Ийнхүү МАН-ынхан өнгөрсөн сонгуулиудад ашиглаж байгаагүй тойргийн хувилбарыг хэрэглэх бололтой. Мэдээж уг шийдвэрийг гаргахад судалгаа чухал нөлөө үзүүлсэн бөгөөд эрх баригчдын нэр хүнд нийслэлд хүндхэн байна гэсэн тойм зураг гарчээ. Харин уг хувилбар хэрвээ хэрэгжвэл улс оронд хэрэгтэй бөгөөд 126 гишүүнтэй холимог системийн жинхэнэ үр дүн нь гарна гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Ubn.mn

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …