Томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд шилжиж, эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдэх хандлагатай байгаа тул Эрүүл мэндийн сайд тушаал гарган томуугийн улиралд хүүхдийн тусламж, үйлчилгээг тасралтгүй, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нэмэлтээр ор дэлгэх үүргийг өгсөн.
Эмнэлгүүдийн томуугийн үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, эмчилгээ, эмнэл зүйн зөвлөн туслах, халдварын сэргийлэлтэд хяналт тавих үүрэг бүхий дөрвөн баг бямба гаригт Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт, ням гаригт Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилласан юм.
Томуу, томуу төст өвчний идэвхжилийн үед эцэг эхчүүд юуг анхаарах талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ш.Энхтөр эмч дараах зөвлөгөөг өглөө.
Тэрбээр “Цар тахлын үед том сургалтыг бид улс үндэстнээрээ авсан. Халдварт өвчнөөс сэргийлэх шаардлагатай, сэргийлж болдог юм. Сэргийлэхийн тулд хамгийн энгийн зүйл маскийг зөв хэрэглэх шаардлагатай Амьсгалын замын өвчин ахуйн хавьтал, агаар дуслын замаар дамждаг нь батлагдсан, нотлогдсон зүйл. Тийм учраас гараа зөв угааж сурах хэрэгтэй байна.
Гадуур явж байгаад гэртээ орж ирсэн насанд хүрэгчид, ахлах ангийн хүүхдүүд гараа угааж, хоолой амаа зайлаад ариун цэврээ хангасны дараа гэр бүлийн бусад гишүүдтэй ялангуяа бага насны хүүхэдтэй харилцахад анхаарах хэрэгтэй юм.
Насанд хүрэгчид, ахлах ангийн хүүхдүүд ханиадны вирусийг гэртээ авчирч бага насны хүүхдээ өвчлүүлж байгаа нь батлагдсан тул амьсгалын цочмог халдвар олон хүн цугласан бөөгнөрсөн газраас аль болох хол байх зэрэг ковидын цар тахлын үед ойлгож авсан халдварт өвчнөөс сэргийлэх хэдэн энгийн хялбар дүрмээ эргэн санаад хэрэгжүүлэхэд л болох юм шүү дээ.
Тэгээд хүүхдээ дааруулахгүй, дулаан байлгах, өөрсдийнхөө боломжоор илчлэг сайтай хоол хүнсээр хангах, аарц зэрэг витаминлаг хүн хэрэглэхэд анхаарах хэрэгтэй байна”гэв.