Б.Эрдэнэцэцэг: Өмнөговь аймаг 2024 оныг Хүүхэд хөгжил, хамгааллын жил болгон зарласан

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлийн бодлогын шинэчлэл, хэрэгжилтийг хангах хүрээнд “Удирдах ажилтны манлайлал, чадавхыг бэхжүүлэх нь” арга зүйн хэлэлцүүлгийг салбарын удирдлагуудын дунд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэл, 9 дүүрэг, харьяа байгууллагуудын удирдлагууд оролцон хүүхэд, гэр бүлийн бодлогын шинэчлэл, хүүхэд, гэр бүлийн бодлогын хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын статистик, үзүүлэлт түүнийг тооцох аргачлал зэрэг асуудлыг хэлэлцэж, ирэх оны төлөвлөгөөгөө боловсруулж байна.

Энэ үеэр хэлэлцүүлэгт оролцож байгаа Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн  газрын дарга Б.Эрдэнэцэцэгээс 2023 онд  хийж хэрэгжүүлсэн ажил болон ирэх 2024 онд хэрэгжүүлэх ажлынх нь  талаар тодруулав.

Тэрбээр “Энэ онд Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс хүүхдийн оролцооны асуудалд анхаарч ажилласан.

Өмнөговь аймаг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Мөн “Говийн ирээдүйн хүүхэд” гэсэн хүүхдийн оролцоо, хөгжлийг дэмжсэн орон нутгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжихэд анхаарч ажиллаж байгаа. Хөгжсөн хүүхэд хамгаалагдан гэсэн зарчмаар хүүхдийн оролцооны ажлуудыг нэлээдгүй зохион байгуулсан.

Тухайлбал,

Нэгдүгээрт хүүхэд” арга хэмжээ

-Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг бүх сум болон аймгийн 25 сургуульд зохион байгуулсан.

-Байгууллагын хүүхэд хамгааллын зардлаас Чи ганцаараа биш” аяныг зохион байгуулах ажлын хүрээнд аймгийн сургууль бүрт 1 сая төгрөгийг олгосон. Тодруулбал сургуулиудын хүүхэд хамгааллын баг “Чи ганцаараа биш” аяныг хүүхдээс хүүхдэд нөлөөлүүлэх зарчмаар зохион байгуулсан. Ингэснээр хүүхдүүд үе тэнгийн хүүхдээ дээрэлхэх асуудлыг багасгах, хүүхэд хүүхдэдээ нөлөөлөх ажлуудыг зохион байгуулсан.

Ирэх 2024 оныг Өмнөговь аймаг Хүүхэд хөгжил, хамгааллын жил болгон зарлаж, аймгийн ИТХ-ын тогтоол батлагдсан. Энэ хүрээнд хүүхдийн хөгжил хамгааллын асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулахад чиглэгдэнэ. Ялангуяа уул уурхай салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд хүүхэд хамгаалал,  гэр бүлийн асуудалд  анхаарал хандуулах чиглэлд зорьж ажиллахыг ИТХ-ын тогтоолд тусгайлан тусгаж өгсөн.

Өмнөговь аймагт уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Нэг жишээ хэлэхэд: эцэг, эхчүүд нь 14 болон түүнээс дээш  хоногоор уул уурхайн компаниуд ээлжээр ажилладаг зарим хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна.

Нэлээд олон хүүхдүүдээс судалгаа авахад ээж, аав нь сургуулиас нь зохион байгуулдаг үйл ажиллагаа, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт хүүхэдтэйгээ хамт оролцдоггүй, хүүхэдтэйгээ ярилцдаггүй гэсэн судалгаа гаргасан. Тийм учраас уул уурхайн салбарт гэр бүл, хүүхэд хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хүүхэд хамгааллын асуудалд тусгайлан 1,9 тэрбум төгрөгийг хүүхэд хамгаалалд зарцуулахаар тусгасан. Энэ хүрээнд хүүхэд эрстэж болзошгүй нийтийн эзэмшлийн бүх газруудыг камержуулахаар тусгасан”гэлээ.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …