“Уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь” бодлогын хэлэлцүүлэг Монголбанкинд эхэллээ.
Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцон, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн зөрүүг тэглэх амлалтын ахиц, Тогтвортой хөгжлийн болон ногоон орон сууцны санхүүжилт, ногоон хөгжлийн бодлого, нүүрстөрөгчийн татварын олон улсын туршлагын талаар хэлэлцэж байна.
Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур дэлхийн дунджаас даруй хоёр дахин (2.25°С-ээр) нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлтөд өртөх өндөр эрсдэлтэй орнуудын нэг болсон.
Иймд ногоон хөгжлийн бодлогоо цогцоор нь бүрэн тодорхойлж, бодлого, эрх зүйн орчноо сайжруулан, оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангаж, ногоон бизнесийн орчныг бүрдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийн эсрэг нэгдсэн, үр дүнтэй хариу арга хэмжээ авч, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай эдийн засагт шилжихэд шаардлагатай санхүүгийн механизм, тогтолцоо чухал гэж үздэг.
Ялангуяа нүүрстөрөгчийн зах зээл, нүүрстөрөгчийн татвар, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, цэвэр болон сэргээгдэх эрчим хүчний дэмжлэг зэрэг шинэлэг арга хэрэгслийг нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм.
Банк, санхүүгийн салбарынхан 2030 он гэхэд ногоон зээлийн багцыг нийт зээлийн 10 хувьд хүргэх зорилго тавьсан. Арилжааны банкууд ногоон бонд гаргаж, гадны эх үүсвэр татсанаар ногоон зээлийн багц нийт зээлийн таван хувьд хүрч байгаа эерэг үзүүлэлт гарч эхэлжээ.
Мөн төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр, тухайлбал ипотекийн зээлийг орон нутагт түлхүү чиглүүлж, ногоон, эрчим хүчний хэмнэлттэй байх нөхцөлийг давхар харгалзаж байна.
Цаашид ногоон, тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлэх чиглэлд хувийн хэвшил, төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана гэдгээ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.
“Уур амьсгалын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх нь” бодлогын хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар санаачлан Монголбанк, Дэ Нэйче Консерванси, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газар өмнө нь тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”, “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”, Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилтийн тухай НҮБ-ын суурь конвенцуудын хэрэгжилтийг хангах төрийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан юм.