Б.Жавхлан:Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас  гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр“Засгийн газар зээлийн гурван төслийг амжилттай хэрэгжүүллээ. Нэг тэрбум долларын Сенчири I төслийг КОВИД-ын үед хэрэгжүүлсэн. Сенчири II төслийг амжилттай хэрэгжүүлж дефолтоос бүрэн гарсан байгаа.

Энэ удаа ирэх онд төлөгдөх хуваарьтай 392.5 сая ам.долларын “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжилт хийх зорилготойгоор гурван төслөө арваннэгдүгээр сарын 23-28-ны өдрүүдэд  амжилттай хэрэгжүүллээ.

350 сая долларын Сенчири III бондоо гаргаж, 14 дахин том буюу 4.8 тэрбум ам. долларын захиалга авсан байгаа. Хүү нь 7.8 хувь бөгөөд хамгийн бага эрсдэлийн үнэлгээтэй бонд. АНУ-ын Төв банкны хүү 5.5 хувийн хүүтэй байгаа. Эрсдэлийн зөрүү нь 2.3 хувь  байна.

2020-2024 онд Засгийн газар болон Хөгжлийн Банк нийт 3.7 тэрбум ам.долларын бондын өр төлбөрийн хуваарьтай байсныг 100 хувь амжилттай зохицууллаа. Үүнээс 2.6 тэрбум ам.долларын хугацааг хойшлуулж, хүүг буурууллаа. Үүнээс нэг тэрбум ам.долларыг дотоод нөөц бололцоогоороо бүрэн төллөө. Үүнд оногдох 886.3 сая ам.долларын хүүг төлж барагдууллаа. Сенчири III төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс 2024, 2025 онд бондын өргүй боллоо.

2026 он хүртэл валютын нөөцөө хадгалах бүрэн боломжтой болж байна. Хуваарьт төлбөр 2026 оноос дахиж эхлэхээр 600 сая ам.доллар хүртэлх төлбөрүүдийг хийж чадсанаар 2030 он гэхэд бондын бүх төлбөрийг барагдуулах боломжтой.

Монгол Улс энэ онд нийт тэрбум гаруй долларын бонд, хүүгийн төлбөрийг төлсөн ч жилийн эцэст валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларыг давахаар хүлээлттэй байна”гэж мэдэгдлээ.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …