Шинэ он гарахад 14 хоног үлдээд байна. Бид энэ удаад 2023 онд салбартаа үр бүтээлтэй ажиллаж, амжилтаараа тэргүүлж байгаа боловсролын байгууллагыг онцолж байна.
Энэ бол Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хамт олон юм. 2023 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ Монгол Улсдаа тэргүүлсэн юм.
“Өглөөний зочин” ярилцлагын зочноор Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Эрдэм шинжилгээ, Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Дамдиндорж уригдлаа.
-Юуны өмнө танай сургуулийн хамт олонд h-index-тэй багш судлаачдын тоо, эрдэм шинжилгээний бүтээлээс эшлэл татагдсан байдлаараа Монгол Улсдаа ТЭРГҮҮН БАЙРАНД эрэмбэлэгдсэнд баяр хүргэе. Хоёулаа энэ талаар ярилцлагаа эхлүүлье.
–Таны сайтыг уншиж байгаа уншигчдад удахгүй болох шинэ оны мэндийг хүргэе. Их сургуулиудыг эрдэм шинжилгээ, судалгаа, орчин, сургалт, гадаад харилцаа зэрэг маш олон талаас нь үнэлж эрэмбэлдэг.
Олон улсын AD Scientific Index “World Scientist and University Rankings” олон улсын байгууллагаас их сургуулиудын эрэмбийг шинэчилж гаргасан. Тус байгууллагаас гаргасан эрэмбээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль h-index-тэй олон улсад өгүүлэлээ хэвлүүлсэн багш судлаачдын тоо, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн нийт эрдэмтэн багш, эмч, профессоруудын хэвлүүлсэн өгүүлэл, хөндлөнгийн хянан магадалгаа хийдэг олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд өгүүлэл бичих, тухайн өгүүллэгээс эшлэл татсан тоогоороо Монгол Улсдаа НЭГДҮГЭЭР байранд эрэмбэлэгдсэн.
Тухайн олон улсын байгууллага дэлхийн 218 улсын төрийн болон хувийн хэвшлийн 17 мянган их сургууль, 2500 орчим эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны институт, эмнэлгүүдийг багтаан эрэмбэ тогтоосон. Сүүлийн зургаан жилд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтдийн бүтээлээс эшлэл татсан байдлаараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудаас Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль Нэгдүгээр байранд эрэмбэлэгдсэн. Энэ бол манай хамт олны хувьд сайн үзүүлэлт гэж бодож байгаа. Бодлогын түвшинд олон арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүн гэж бодож байна.
-Энэ жилийн хувьд нийт хэчнээн эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын сэтгүүлд нийтлэгдсэн бэ?
-Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд эрдэмтэн, багш судлаачид өгүүллээ хэвлүүлэх нь жил бүр нэмэгдэж байгаа. Энэ жилийн хувьд бол АШУҮИС-ийн багш нар “Scopus” олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй нийт 120 гаруй эрдэм шинжилгээний сэтгүүлд “Хариуцлагатай зохиогч”, “Нэгдүгээр зохиогч”, “Хамтарсан зохиогч”-оор бүтээлээ хэвлүүлсэн байна. Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхийн цаана судлаачдыг судалгаа хийх орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, судалгаа хийхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг нь тодорхой болгох тал дээр нь эрх зүйн шинэчлэлийг хийсэн.
-Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд зориулж нийт хэчнээн төгрөгийг зарцуулаад байна вэ?
-Судлаачид өөрсдөө дотоодын болон гадаадын санхүүжүүлэгч байгууллагуудын захиалгат төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийг дэмжих сангийн төсөл, Боловсрол Шинжлэх Ухааны яамны Шинжлэх ухаан технологийн сангаас санхүүжүүлэлтэй төсөл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын захиалгаар томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж байгаа. Түүнчлэн сургуулийн зүгээс эрдэмтэн судлаачдаа дэмжиж томоохон төсөл хөтөлбөрүүдийг олгох, судлаачдыг эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл гаргахад нь урамшуулах тогтолцоо хэрэгжүүлж байгаа.
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн нийт төсвийнхөө 7,2 хувийг эрдэм шинжилгээ, судалгаанд зарцуулаад байна. Тухайлбал олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн судлаачдын урамшуулалд гэхэд 100 гаруй сая төгрөгийг олгосон.
-Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлүүлэхэд гадаа харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй шүү дээ. Гадаад харилцааны хувьд нийт хэчнээн гадаадын их дээд сургуулиудтай хамтарч ажиллаж байна вэ?
-Ковид-19 цар тахлын дараа эрдэм шинжилгээ, судалгааны нэлээдгүй ажлууд хийгдсэн. Ялангуяа дархлал тогтоц, вакцин, хүн амын дундах өвчлөлийн тархалтын байдал зэрэг олон судалгааны өгүүллүүд тасралтгүй гарч байгаа.
Мөн Ковид-19 цар тахлын дараа гадаад харилцаа их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн түвшинд эрчимтэй сэргэж байна. Энэ хүрээнд бид бодлогоор хүний нөөцөө дэлхийн шилдэг их сургуулиудад ахисан түвшинд докторт сургах, хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажлуудыг зохион байгуулсан.
Гадаад харилцааны хувьд өнгөрсөн жил гэхэд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль нийт 140 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран ажилладаг байсан бол энэ онд 180-д хүрлээ.
Энэ хүрээнд ахисан түвшний сургалтанд хамруулах, гадаадын их сургуулиудад мэргэжилтнүүдийг богино, дунд хугацаагаар сургах, дэлхийн шилдэг их сургуулиудын профессоруудыг урьж ажиллуулах үйл ажиллагаа эрчимжиж байгаа.
Энэ ажлын үр дүнд эрдэм шинжилгээ, судалгааны чанар, чансаа эрэмбэ ахихад тодорхой үр нөлөө үзүүлж байгаа.
-Дэлхийн их дээд сургуулиуд эрдэм шинжилгээний ажилдаа нийт төсвийнхөө нэлээдгүй их хувийг зарцуулдаг.
Одоогийн байдлаар Анагаахын Шинжлэх Ухааны их сургууль нийт төсвийнхөө 7,2 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна гэж та дурдсан. Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулах төсвөө хэдэн хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна вэ?
-Эрдэм шинжилгээ, судалгаанд санхүү хөрөнгө оруулалт хамгийн чухал байдаг. Дэлхийн томоохон их сургуулиуд эрдэм шинжилгээ, судалгааны ажилдаа нэлээдгүй хөрөнгө зарцуулдаг. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хувьд энэ тал дээр нэлээд ахиц дэвшилттэй байна. Бид 3-4 жилийн өмнө төсвийнхөө 3-4 хувийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд зарцуулдаг байсан бол 7,2 хувь боллоо. Цаашид Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хөгжлийн бодлогын хүрээнд бид 2023 он гэхэд нийт төсвийнхөө 20 хувийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулахаар төлөвлөж байна.
Үүний цаана мэдээж Их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бэхжүүлэх, Их сургуулийн дэргэдэх эмнэлэгт оруулж буй хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны орлого нь эмнэлгийн тусламж үйлчилгээнд зарцуулагдах гэх мэт. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль эрдэм шинжилгээ судалгааны ажилдаа тодорхой төсөв зарцуулж байгаагийн цаана их сургуулийн эмнэлгийн тогтолцоо бэхжиж байгаатай холбоотой. Энэ онд эрдэм шинжилгээний хүрээлэнгээ нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургууль дээр Анагаах ухааны хүрээлэн, Био-Анагаахын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Монгол уламжлалт анагаах ухааны хүрээлэн, Эмнэлзүйн молекул оношилгооны төв нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн харьяа сургуулийн эрдэмтэн багш, эмнэлгүүдийн судалгаа шинжилгээ хийж буй эмч нарыг хамруулж цогцоор нь эрдэм шинжилгээ, судалгаа хийж байна.