У.Цэвэгмид: Эмчлүүлээд эмнэлгээс гарч байгаа хүүхдээ дулаан хувцаслаж, илчлэг сайтай хоол хүнс идүүлэхийг зөвлөж байна

ЭНЭҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал У.Цэвэгмид эцэг эхчүүдэд хүүхдээ ханиаднаас сэргийлэх зөвлөгөө өглөө. Ханиад хүрч, хатгаа аваад эмнэлэгт эмчлүүлээд гарсан хүүхдүүддээ онцгой анхаарал тавихыг зөвлөв.

Тэрбээр “Эмчлүүлээд эмнэлгээс гарч байгаа хүүхдээ аль болох дулаан байлгах, шингэн зүйл халуун бүлээнээр нь сайн уулгаж вирусийн халдварыг биеэс бүрэн гадагшлуулах, мөн ойр ойрхон хооллох, аль болох илчлэг сайтай хоол хүнс идүүлэхийг зөвлөж байна.
Мөн эмнэлгээс гарсны дараа цэцэрлэгийнх бол дор хаяж 14 хоног, сургуулийн насныхныг 7-10 хоног хичээлд нь явуулалгүй гэрээр асарч чадвал эмчилгээний үр дүн гарч, хүүхдийн дархлаа сэргэнэ.

 

Бид судалгаа хийж үзэхэд хүүхдүүдийн 40 хувийг нь эмнэлгээс гарсны маргааш цэцэрлэгт нь өгдөг. Ээж аав нь ажлаа хийх шаардлагатай болохоор яах аргагүй л уух эмийг нь цэцэрлэгийн багшид даатгаад явуулж байгаа. Сургуулийн хүүхэд ч ялгаагүй, маргааш нь сургуульдаа очихоор тэр олон хүүхэд дунд байгаа томуу, томуу төст өвчний вирусийн халдварыг дахин авах магадлал өндөр.

Түүнээс гадна арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт сургуулиуд урлагийн үзлэг, тэмцээн уралдаан ихтэй байсан. Хүүхдүүдийг хамт олноор нь цуглуулж, зохион байгуулж байгаа арга хэмжээнүүд нь өвчлөлийг хүндрүүлэх эрсдэл болж байна гэж харж байна.

Тиймээс эцэг эхчүүдэд хүүхдээ гэрээс гарч байгаа тохиолдол бүрт маск зүүлгэх, өөрсдөө ч зүүмээр байна. Манай төвд Яаралтай тусламжийн тасгаар үзүүлэхээр ирж байгаа хүүхдүүдийг маск зүүхийг шаардаж байгаа. Эмнэлэг бол халдварын өндөр эрсдэлтэй орчин учраас вирусийн халдвар авах боломжтой тул эцэг эх, хүүхэд аль аль нь маск зүүж үйлчлүүлэх зайлшгүй шаардлагатай” гэсэн юм.

Халдвараас сэргийлэхийн тулд маск зүүхээс гадна гараа тогтмол зөв угаах дадал бидэнд зайлшгүй хэрэгтэйг эмч нар зөвлөж байна.

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …