Улсын Их Хурлын чуулганы (2023.12.21) өдрийн нэгдсэн хуралдаанаар 2024 онд болох Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Эхэнд нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулсан юм.
Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
Баянгол дүүрэг 9-р тойрог;
Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог
Эдгээр тойргуудыг тогтоохдоо 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг бууруулах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийн төвүүдийг бий болгох, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг дээшлүүлэх зорилтуудыг үндэслэл болгосон хэмээн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд тэмдэглэв.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Монгол Улсад урьд өмнө олон жил хийгдэж чадаагүй засаг захиргааны хуваарьтай холбоотой томоохон өөрчлөлтийг улс төрийн арга замаар шийдэх гэж байгаа нь ихээхэн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаагаа тэмдэглээд, иргэдийн санал гээгдэхгүй байх, нэр дэвшигчдээс гарах зардал буурах, олон намын төлөөлөл, шинэ хүмүүс, залуучууд, эмэгтэйчүүд сонгогдох боломж бүрдсэн эсэх талаар асуусан юм. Үүнд Сонгуулийн ерөнхий хорооны Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ хариулахдаа, нэр дэвшигчээс гарах зардлыг бууруулах талаар маш олон дэвшилттэй зохицуулалтыг хийсэн тухай дурдаад, сонгуулийн сурталчилгааны арга хэлбэр, түүнд ноогдох тоо хэмжээг 50 хүртэл хувиар бууруулж, төрийн аудитын байгууллага сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоохдоо өмнөх оны гүйцэтгэл болон хэрэглээний үнийн индекстэй уялдуулж тогтоох боломжийг бүрдүүлсэн гэсэн юм. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, сонгогчид мандатын тоотой тэнцүү хэмжээний саналыг тэмдэглэж санал тоолох төхөөрөмжид уншуулна, төхөөрөмжид илүү буюу дутуу тэмдэглэгдсэн саналын хуудас уншигдахгүй тул санал гээгдэх асуудал гарахгүй гэсэн хариулт өгөв.
Сонгууль ямар тогтолцоогоор, ямар тойргоор явагдахаас Монголын улс төр ихээхэн хамаардаг хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар онцлоод, томсгосон тогтолцоогоор сонгууль явуулахад улс төр тогтвортой болно гэлээ. Тэрбээр нийслэл Улаанаатар хот баруун, зүүн, хойд, өмнөд гэсэн дөрвөн тойрогтой байхад хангалттай гэж үзэж байгаа ажээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, бүсийн тойргийн энэ зарчмыг дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ шийдвэрийн үр нөлөөгөөр төрийн нэр хүнд, төрд итгэх ард түмний итгэл дээшилж, хөгжил дэвшлийн төлөө хууль эрх зүйн шинэчлэл хийх нөхцөл бүрдэнэ гэсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням тойрог тогтоосон зарчим, тойргийн төвүүдийг хэрхэн тогтоосон талаар хөндөж, эдгээрийг шийдвэрлэхдээ бүсчилсэн хөгжлийн бодлогодоо уялдуулах нь зүйтэй гэсэн санал хэлэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг томсгосон тойргийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гишүүд улс төрийн манлайлал үзүүлж, Сэлбэ дэд төвийн бодлогодоо нэгдэж ажиллая хэмээн уриалав. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нийгэм, эдийн засгийн төлөв байдал, хүн ам, хөгжлийн голлох үзүүлэлтүүд тааруу байгааг дурдаад, энэ бүхэнд нөлөөлж байгаа олон хүчин зүйлийн нэг нь сонгуулийн тогтолцоо гэдгийг онцолсон юм. Тэрбээр, Монгол Улс цаашдаа яаж хөгжих вэ гэвэл, сонгуулийн 100 хувь пропорциональ тогтолцоотой болох ёстой гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд тогтоолын төслийг дэмжиж байгаагаа хэлээд, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд дөрвөн аймаг нэг тойрог болоход Говь-Алтай төлөөлөлгүй үлдэх магадлалтай байна гэсэн юм. Тэрбээр, сонгуулийн тойргийн энэ зарчмаар явна гэвэл 2-3 сонгууль дамжуулж, тогтвортой үргэлжлүүлэх учиртай гэж үзэж байгаагаа хэлэв. Түүнд хариулт өгөхдөө Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, 1992 оноос өнөөг хүртэлх Улсын Их Хурлын найман удаагийн сонгуулийн хугацаанд тойргийн тогтолцоог зургаан удаа өөрчилсөн гэсэн бол тус хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, сонгуулийн тойргийг томруулж байгаатай холбоотойгоор сонгогчдын ирц оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, Монгол Улс бол нэг засаглалтай, нэгдмэл улс. Бид үндэстэн ястнаар хуваагдаж болохгүй. Тиймээс Баян-Өлгий аймгийг салгаж нэг бүс болгож байгаа юм шиг буруу ярьж болохгүй. Тус аймаг харин ч бүс нутгийн интеграцчилалд орж, бүсийн хөгжлийн бодлогод хамрагдаж явах ёстой гээд, 48 гишүүнийг сонгох жагсаалтад хүн амын бүлгүүд, үндэстэн, ястан бүрийн төлөөлөл орох боломж бийг дурдаж, сонгуулийн тойргийн асуудалд нэг Монгол гэдгээ санаж, улс суурьтай хандахыг Улсын Их Хурлын гишүүдэд уриалав.
Түүнчлэн тэрбээр, Улсын Их Хурал өнөөдөр улс орны хөгжлийн том бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг уялдуулсан маш том шинэчлэлийг хийж байна хэмээн онцлон тэмдэглээд, Дархан, Сэлэнгийн районд Дархан хот, Хөвсгөл, Булган, Эрдэнэтийн районд Орхон хот, Баруун бүсийн тулгуур төв Ховд хот, говийн бүсийн тулгуур төв Даланзадгад хот, түүнчлэн Аж үйлдвэрийн парк Сайншанд хот, аялал жуулчлалын Чингис хот гэх мэтчилэн бүс нутгийн хөгжлийн төв хотуудыг бий болгож байж 30 жилийн алдааг засаж, бүс нутгийн интеграцчилал, хөгжлийн том бодлогын эхлэлийг тавина гэлээ. Улс төрийн болон эдийн засгийн эрх мэдэл харилцан хамааралтай учир бүсийн буюу мужийн захирагчдыг томилдог байх ёстой. Энэ бүсчилсэн хөгжлийн бодлогоор бол мужийн захирагч нь нэгдмэл улсын бодлогыг хангасан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч байх учиртай. Энэ хүн сайдын ранктай байж, тухайн бүсийнхээ аймгуудын хөгжлийн нэгдсэн бодлогыг хангана. Дархан, Эрдэнэт, Ховд гэх мэт хотууд улсын чанартай хот болж хөгжсөнөөр ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэж, төвлөрлийг сааруулж чадна гэсэн юм.
Том зургаар харж байж бид хөгжихөөс бус жалга дов, нэг нам гэсэн жижигхэн, хагархай цонхоор харж хөгжихгүй. Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө хэрэгжүүлж улсын реформын цоо шинэ бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор улс төрийн намуудын дарга нар нэгдэж, санамж бичиг гарын үсэг зурж, нэг Монгол, нийтлэг эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг гаргаж байгаа гэдгийг гүнээ ойлговол зохино хэмээн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийн дагуу, “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувь нь дэмжив. Ингээд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тогтоолын эцсийн найруулгыг уншиж сонсгосноор уг тогтоол батлагдлаа.