Нийслэлийн Засаг захиргааны мэдээллийг хүргэдэг Улаанбаатар.мн сайтын санал асуулгын хэсэгт “Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг тогтоох тухай Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын төсөлд санал авч байна” хэмээх мэдээлэл тавигдаж, үүндээ НИТХ-ын тогтоолын төслийг харуулжээ. /ЭНД ДАРЖ ТУС ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ҮЗНЭ ҮҮ/
Тус төсөл ёсоор бол НИТХ-ын ойрмогхон болох нэгдсэн хуралдаанаар “Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 720.000 байхаар тогтоох” аж.
Энэ асуулгад иргэд та бид оролцсон эс оролцсон, тус санал иргэдийн дэмжлэгийг авсан, эс авснаас үл хамаараад НИТХ дээрх тогтоолыг шууд батлах нигууртай аж.
Учир нь 2023 оны 12 сарын 07-ны өдөр УИХ-аар батлагдсан “НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ, ГЭР ХОРООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ ТУХАЙ” хуулийн /ЭНД ДАРЖ ХУУЛИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ/ “9.1.Нийслэлийн тээврийн хэрэгслийн өсөлт, авто замын сүлжээний нягтрал, замын хөдөлгөөний түгжрэлийг харгалзан нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно” хэмээн заасныг үндэслэн НИТХ дээрх тогтоолыг гаргаж байгаа юм.
НИТХ-ын тогтоолын төслийн хоёрдугаар хэсэгт зааснаар “Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 720.000 байхаар тогтоох” ажлыг хэрэгжүүлэхдээ тээврийн хэрэгслийн төрөл, ангилал, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, шалгуур үзүүлэлтийг батлах эрх үүргийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт даалгахаар” тусгаж байгаа аж.
Нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар дугаар авсан тээврийн хэрэгслийн тоогоор тогтоохоор тогтоолын төсөл боловсруулсныг танилцуулгын төгсгөлд дурьджээ.
Дээр дурьдсан хууль, НИТХ-ын тогтоол ёсоор бол нийслэл дэх автомашины тоо нэгэнт дээд хязгаартаа хүрсэн тул нийслэлчүүд та бид шинээр машин худалдаж авах асуудал “боломжгүй” болж байх шиг байна.
Тэгэхлээр бидэнд хуучин машинаа задлаж зараад, дугаарыг нь салгаж үнэ хүргэж борлуулах, ийм хуучин дугаарыг худалдан авч шинэ машиндаа тавих, мөн хуучин дугаарын “шаг”-ийн наймааг цэцэглүүлэх, эсвэл хөдөөний дугаартай машин аваад хөдөө очиж машинаа унах, хөдөөний дугаартай машинаа хотод унаж татвар төлөх гэх зэрэг хэдхэн сонголт үлдэж байгаа аж.
Үндсэн хуулийн хүний эрхийн заалт энэ тэрийг уландаа гишгэсэн дээрх хуулийн заалт, тогтоол зэргийг харвал бид КОММУНИЗМ руу эргэж нэлээд хэд алхах болж байх шиг байна.
“Хүн байвал хэрэг байна” гэдэг шиг, “машин байхгүй бол түгжрэл байхгүй” гэх зарчмыг Хотын удирдлагууд баримталж байгаа бололтой.
Эл талаар сэтгүүлч, иргэд та бүхэн нэг анхаараад үзэхэд гэмгүй бизээ.
Энэ жил УИХ-ын болон Орон нутгийн сонгуулийн жил. Атал МАН-аас хаасан боосон, хориглосон, хязгаарласан, торгосон, татвар хураамж нэмсэн, товчхондоо иргэдийн халаас руу гар дүрсэн, тэдний эрхийг хязгаарласан ШИЙДВЭРҮҮДийг удаа дараалан гаргаж байгааг мань мэт нь лав ухаж ойлгох толгой эс хүрнэ.
А.Тамир
Ugluu.mn