Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний барилдаануудыг 39 шүүгч дэнслэн явуулав.
Тэгвэл Монголын анхны эмэгтэй олон улсын шүүгч Л.Болормаа өчигдөр сүүлийн барилдаанаа шүүж, шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүллээ.
Тэрбээр 1998 оноос хойш 27 дахь УАШТ-дээ шүүгчээр ажиллаад дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн дэвжээнээс буусан юм.
Эмэгтэй шүүгчдийн өсөж хөгжих замыг нээж, урагшлах замын түүчээ болсон түүнд Монголын чөлөөт бөхийн холбоо, МҮОХ, шүүгчид, тамирчид, дасгалжуулагчид, гэр бүл, найз нөхөд нь хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Л.Болормаа УАШТ-ий гурван жинг онцлон аварга болсон тамирчдад тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардуулан өгөв.
Тухайлбал, өөрийн шавь Э.Бэхбаярын барилдаж байсан 57 кг-ын аварга бөх Б.Мөнх-Эрдэнэ, өөрийн хань А.Энхээгийн барилдаж байсан 65 кг-ын аварга Ц.Цогбадрах, эмэгтэйчүүдийн 53 кг-ын аварга Б.Хулан нарт мөнгөн шагнал гардуулсан юм.
Мөн чөлөөт бөхийн ДАШТ-ий медальт анхны эмэгтэй бөх Ц.Энхжаргал, залуу шүүгч Г.Энхжин нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлгээ гардууллаа.