Б.Мөнх-Эрдэнэ: Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байранд байрлуулж, үржил хязгаарлах мэс ажилбар хийнэ

Орчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан.

Энэ хүрээнд эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байранд хүргэх ажлыг зохион байгуулах юм. Тус Ажлын хэсгийн хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

-Эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байрыг хаана, хэрхэн бэлтгэж байна вэ?

-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Тэжээвэр амьтны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг байгуулагдан, хуулийн хэрэгжилтийг хангах, эзэнтэй нохой, муурнаас улбаалан эзэнгүй нохой, муурын тоо нэмэгдэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Эзэнгүй нохой, муурыг барьж, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түр асрамжлах байр байгуулна. Эхний ээлжид Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Шувуун фабрикт байрлах хар үнэгний аж ахуйн байрыг түр асрамжлах байр болгохоор ажиллаж байна. Нэгдүгээр сарын 22-ноос үйл ажиллагааг нь эхлүүлж, хоёрдугаар сарын 15-н гэхэд бүрэн ажиллуулна. Барьсан нохой, муурыг тухайн байранд хүргэж, байршуулах бөгөөд тодорхой хугацаанд эзэн нь олдсон тохиолдолд буцаан өгөх юм.

-Үржил хязгаарлах мэс ажилбар хийх байдлаар эзэнгүй нохой, муурыг тоог бууруулах ажил үргэлжлэх үү?

-Хуулийн дагуу эзэнгүй нохой, муурыг буудаж устгахгүй болсон. Иймд түр асрамжлах байранд байрлуулах хугацаандаа үржил хязгаарлах мэс ажилбар хийнэ. Мал эмнэлгийн дүгнэлтээр өвчтэй, галзуу зэрэг аюул эрсдэлтэй болох нь тогтоогдсон нохой, муурыг устгалд оруулах юм.

-Эзэнгүй нохой, муурыг барихад аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

-Эзэнгүй нохой, муурыг барихын өмнө аюулгүй байдлыг хангах, багаж техник, тоног төхөөрөмжийг ашиглах талаарх сургалтыг дүүрэг, хороодод зохион байгуулна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дотоодын цэрэг болон чиг үүргийн бусад байгууллагаас хүн хүч нэмэлтээр ажиллах юм.

-Хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүрэг дүүргүүдэд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор эзэнгүй, нохой муур барих, түр асрамжлах байранд хүргэх ажлыг дүүргүүд дотооддоо зохион байгуулах уу?

-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хот, нийтийн аж ахуйн зарим чиг үүрэг дүүргүүдэд шилжсэн. Үүнд зам талбайн цэвэрлэгээ, эзэнгүй, нохой муурыг цөөлөх ажил мөн багтсан. Иймд түр асрамжлах байрыг бэлтгэх ажлыг дүүргүүд зохион байгуулж, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах юм.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …