Засгийн газрын “11 11 төв” -д өнгөрсөн долоо хоногт 1420 иргэн холбогдож санал хүсэлт ирүүлжээ. Нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсролын салбартай холбоотой санал түлхүү байна.
Хөдөө орон нутгаас ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралтыг цагаан сарын үеэр болгох хүсэлт цөөнгүй ирүүлжээ.
Хичээлийн жилийн бүтэц, хүүхдийн амрах хугацааны талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/311 тоот тушаал гарсан. Уг тушаалаар энэ хичээлийн жилээс хүүхдийн өвлийн амралтын хугацааг сунгасан. Ингэснээр бага ангийн хүүхдүүд 3-4 долоо хоног, дунд, ахлах ангийн хүүхдүүд 2 долоо хоног амарна. Бага, дунд боловсролын тухай хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогийг харгалзан ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тухайн үед нь өөрчилж болдоггэсэн хариуг өгч байна.
БНСУ-д ажиллаж байгаа иргэдийн адил хөдөлмөрийн гэрээгээр Япон улсад ажиллаж байсан хүмүүс эх орондоо ирээд нийгмийн даатгалын мөнгө авахгүй байгаа талаар тодруулсан иргэний асуултад БНСУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн дагуу уг мөнгө олгогдож байгаа. БНСУ-тай байгуулсан гэрээнд тодорхой хугацаанд мөнгө буцаан олгохоор тусгагдсан байдаг гэсэн хариуг Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлжээ. Өнгөрсөн долоо хоногт Төрийн үйлчилгээний цахим машиныг 21 аймагт суурилуулж, үйлчилгээг нь эхлүүлсэнд орон нутгийн иргэд талархаж байгаагаа илэрхийлсэн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Ugluu.mn