Д.Дамдинсүрэн: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг давтвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

УИХ-ын 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ сарын 1-нээс уг өөрчлөлтийг мөрдөж эхэлсэн билээ.

Энэ нэмэлт, өөрчлөлтөөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд ямар хариуцлага ногдуулах болсон талаар Тээврийн прокурорын газрын ахлах прокурор Д.Дамдинсүрэнгээс тодрууллаа.

-Зөрчлийн тухай хуульд жолооч нарт хамаарах ямар өөрчлөлт орсон талаар мэдээлэл өгөөч?

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэдэг. Хуулийн энэ хэсэгт согтуугаар болон жолооны эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах талаар нэмэлт, өөрчлөлт орсон тул иргэд анхаарах хэрэгтэй байгаа юм.

Тодруулбал,тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол өмнө нь 200 мянган төгрөгөөр торгуулдаг байсан. Тэгвэл одоо 400 мянган төгрөгөөр торгуулахаар болсон.

Мөн жолооч, эсхүл жолоодох эрхгүй, эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон мөн зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийвэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь нэг жилийн хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар болсон.

Хэрвээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж жолооны эрхээ хасуулсан хүн дахин тус зөрчлийг гаргавал эрүүгийн хариуцлага хүлээнэ.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт зааснаар жолооны эрхийг нь 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр сая 700 мянгаас 14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл мөн хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан заалтыг өдгөө мөрдөж байна.

-Торгуулиа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээн хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд шуугьсан. Ер нь олон сая төгрөгийн торгуулиа төлөөгүй жолооч нар замын хөдөлгөөнд оролцсоор байдаг. Үүнийг хэрхэн зохицуулахаар хуульд тусгасан юм бол?

Торгуулийг хуульд заасан хугацаанд биелүүлсэн эсэхээс хамаарч хэмжээг нь хөнгөрүүлж, эсхүл нэмэгдүүлж болохоор шинэ зохицуулалтыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд оруулсан.

Тодруулбал, зөрчил үйлдсэн хүн шийтгэлийн хуудсыг гардаж авснаас хойш 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг нь 50 хувиар хөнгөрүүлнэ. Харин дээрх хугацааг хэтрүүлбэл торгуулийн хэмжээ нь 50 хүртэл хувиар нэмэгдэхээр болсон.

Мөн тухайн хүний жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлаж, торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нь хязгаарлах арга хэмжээ авна гэж хуульд нэмэлт оруулсан.

Иргэд эрх бүхий албан тушаалтны оногдуулсан торгуулийг хуульд заасан хугацаанд нь төлдөггүй тохиолдол нэлээд байгаа. Жишээ нь, 2023 оны есдүгээр сарын дүн мэдээгээр 139.969 зөрчилд бэлэн бус хэлбэрээр оноосон хоёр тэрбум 869 сая төгрөгийн торгууль төлөгдөөгүй. Энэ нь нийт торгуулийн 84.7 хувь болж байгаа юм.

Тэгэхээр цаашид зөрчил гаргаж, эрх бүхий албан тушаалтны оногдуулсан торгуулийг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол таны төлөх торгуулийн хэмжээ нэмэгдэж, тодорхой эрхүүд тань хязгаарлагдах болсон гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.

-Хууль хэрэгжиж эхэлснээс хойш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурсан болов уу?

Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд автомашины тоо 2.8 дахин өсөж, одоогоор нэг сая 350 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн судалгаа бий. Автомашины тоо өсөхийн хэрээр зам тээврийн осол, ялангуяа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил жил бүр нэмэгдэж буй учраас хуулийн хариуцлагыг чангаруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байсан гэж хэлж болно.

2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд жолооч согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон 32.146, эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцсон 4.187, жолооны эрхгүй, эрхээ хасуулсан хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 13.107 зөрчил бүртгэгдсэн. Эндээс эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар жолоо барьж замын хөдөлгөөнд оролцох зөрчил сард дунджаар 380 орчим гарч байж.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж эхэлснээс хойш 16 хоногийн хугацаанд буюу 2024 оны нэгдүгээр сарын 01-16-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 729 зөрчил улсын хэмжээнд гарчээ. Үүнээс өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол 96 бүртгэгдсэн байна.

Энэ 96 хүнд хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж магадгүй болж байгаа учраас иргэд үүнийг анхаарч, цаашид хууль тогтоомжийг биелүүлэн, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцох хэрэгтэйг сануулъя.

Эх сурвалж: Өнөөдөр сонин №015 /7830/

Санал болгох мэдээ

Зудын гамшигт өртсөн малчдад туслах аянд эрдэмтэд, үндэсний үйлдвэрлэгчид нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын Хүнсний төсөл, хөтөлбөрийн алба, УОК-ын Шуурхай штаб,  ХХААХҮЯ,  Хүнс, хөдөө …