БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчид, ажилтнуудын дунд зохион байгуулсан “NORCON” маршид Монгол Улсын Зэвсэгт хүчний XIII ээлжийн мотобуудлагын батальоны дайчид тэргүүллээ.
Эв нэгдэл, нөхөрлөл, тэсвэр тэвчээрийн бэлэг тэмдэг болсон тус маршид 47 орны 230 гаруй энхийг сахиулагчид +40 градуст 25 километр замыг 10 килограмм ачаатайгаар туулж хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд
-40 насны ангилал, эрэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд тэргүүн байрт /02 цаг 02 минутын амжилтаар/ Энэтхэг Улсын Зэвсэгт хүчний тамирчин н.Хэтрам, дэд байрт /02 цаг 08 минутын амжилтаар/ Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн гранатомётчин ахлагч Ч.Март, гутгаар байрт /02 цаг 16 минутын амжилтаар/ Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн миномётын наводчик дэд ахлагч Б.Олзмөнх, тавдугаар байрт /02 цаг 22 минутын амжилтаар/ Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин ахлах ахлагч Э.Даваажамц,
+40 насны ангилал, эрэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд дэд байрт /03 цаг 11 минутын амжилтаар/ Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн буудлагын талбайн дарга ахлах ахлагч Т.Манлайбаатар,
-40 насны ангилал, эмэгтэй цэргийн алба хаагчдын төрөлд тэргүүн байрт /02 цаг 52 минутын амжилтаар/ Өмнөговь аймгийн ОБГ-ын гал түймрийн улсын байцаагч ахлах дэслэгч Э.Булган, дэд байрт /02 цаг 59 минутын амжилтаар/ Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн биеийн тамир спортын офицер ахмад Н.Ууганцэцэг, гутгаар байрт /03 цаг 08 минутын амжилтаар/ Дорнод аймгийн ОБГ-ын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн ахлах дэслэгч П.Оюунзаяа, тавдугаар байрт /03 цаг 20 минутын амжилтаар/ ЦТЭ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч дэд ахлагч Ц.Долгорсүрэн,
-40 насны ангилал, эмэгтэй цагдаагийн алба хаагчийн төрөлд гутгаар байрт /03 цаг 46 минутын амжилтаар/ “UNMISS” ажиллагааны Цагдаагийн байгууллагад хэвлэл мэдээллийн офицероор үүрэг гүйцэтгэж буй ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ахлах инженер цагдаагийн хошууч М.Болор-Эрдэнэ нар тус тус тэргүүлж энхийг сахиулагч цэнхэр дуулгатнуудаа манлайллаа.
Онцлоход тус маршид БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багаас 12 цэргийн алба хаагчид оролцож төрөл тус бүртээ эхний 10 доторх байруудыг эзэлснээр Монгол Улсын баг нийлбэр дүнгээр тэргүүн байранд шалгарсан юм.
Иймд баг тамирчдаа сайн дасгалжуулж бахдам амжилт үзүүлсэн XIII ээлжийн цэргийн багийн тэргүүн ахлагч Т.Хатантөмөр, тасгийн дарга, сургалтын офицер хошууч З.Бат-Оргил нарыг тэмцээний зохион байгуулагчдын зүгээс шилдэг дасгалжуулагчаар тодрууллаа.
Ө.Насантогтох