Автобусны парк шинэчилнэ, ингэж шинэчиллээ, гоё болоотохлоо гэж олон жил ярьж ирсэн. Зарим автобус бааз зорчигч тээврийн үйлчилгээнд ямар ч хэрэггүй зүйлсийг их хэмжээгээр шахаанд авч агуулахдаа хураасан гэсэн хэл ам өмнө нь гардаг л байсан. Одоо бодох нь ээ, тэр нь бага хэрэг байж. Харин сүүлдээ автобусны парк шинэчлэх нэрээр өөр улс оронд актлагдаж, төмрийн хогонд ачуулах болсон хуучин эвдэрхий автобуснуудыг будаж засварлаад оруулж ирсэн нь “Ногоон автобусны хэрэг” гэх дуулиант хэрэг юм.
Нийслэл хот маань автобусаа шинэчлэх талаар ярьж ирсэн ч автобусны жолоочоо шинэчлэх талаар хуруугаа ч хөдөлгөөгүй байдаг. Том машин л барьж байсан бол ямар ч шалгалт, шалгуургүй автобус барих “эрх”-тэй. Хүн тээвэр, нүүрс тээврийн ялгаа бараг байхгүй. Харилцааны соёлгүй, замын хөдөлгөөний дүрэм баримтлахгүй, “бие томтой” машин жолоодож байгаагаараа түрий барьж даналзана. Огцом тоормос гишгэж бөөн орилоон үүсгэнэ. Ихэнх нь ээлжийн жолоочгүй, амралтгүй ажилладаг нь аваар осол гарахад нөлөөлнө.
Нийтийн тээврийн автобус осол гаргаж иргэдийг бухимдуулах нь сүүлдээ ихэссэн. Автобус ч гэсэн аюултай гэсэн айдас болгоомжлол бий болсон. Жолооч нь замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг муу, тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдалд хяналт тавьж, эвдрэлийг засах чадваргүй, зарсхийтэл “сигнаалдаад” л зүтгээд байх. Мэдээж том оврын автобусны осол гарах нөхцөл бүрэн бүтэн байдалтай нь шууд холбоотой. Эвдрэл гэмтлийн шалтгааныг судалж үзэхэд, тоормосны системийн эвдрэл дийлэнх хувийг эзэлдэг аж. Мөн цахилгааны гэмтэл, дугуй, аккумлятор муу, ремен тасарсан, кроп салж унасан зэрэг эвдрэл гардаг байна.
Нийтийн тээвэрт бий болсон энэ асуудлыг арилгах арга замыг эрэлхийлж байгаа нь сайшаалтай.
Саяхнаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна гэж мэдэгдсэн билээ.
Мөн нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр болсон. Эдгээр зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргаж, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн.
Тэгвэл өнөөдрийн /2024.02.07/ байдлаар автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад хамрагдахаар 570 иргэн бүртгүүлээд байгаа аж. Цаашдаа олон хүн бүртгүүлэх магадлал бий юм. Эндээс л зорчигч тээврийн жинхэнэ мэргэшсэн жолооч нар аа шалгаруулж авах хэрэгтэй болох нь. Автобусанд айдасгүй зорчих юм сан.
Т.Санаа