Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, зардал чирэгдэлгүй хүргэх зорилготой Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг Сүхбаатар дүүргийн 16 хороо Тоосгоны үйлдвэрийн автобусны эцсийн буудал болон, 18-р хорооны Бэлхийн автобусны хуучин эцсийн буудалд шинээр нээгджээ.
Шинээр нээгдсэн Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагаатай өнөөдөр /02.08 /Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар болон холбогдох албаны төлөөлөл танилцлаа.
Төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг нээгдсэнээр Сүхбаатар дүүргийн 16-р хорооны 11700 гаруй иргэн, 18-р хорооны 9100 гаруй иргэнд төрийн үйлчилгээ ойртож байна.
Өмнө нь тус хороодын иргэд 5-8 км зам туулж цаг хугацаа алдан замын түгжрэлд орон, очер дараалалд зогсон төрийн үйлчилгээ авдаг байсан бол одоо гэрийнхээ автобусны буудалд байрлах “Хурдан” цэгээс төрийн үйлчилгээг хурдан, шуурхай авах боломж бүрдлээ.
Сүхбаатар дүүргийн 18-р хорооны Бэлхийн хуучин эцсийн автобусны буудалд байрлах Төрийн цахим үйлчилгээний Хурдан цэг иргэдэд үйлчилгээ үзүүлж эхлээд 10 хонож байгаа бөгөөд тус цэгээр өнөөдрийн байдлаар 200 гаруй хүн үйлчлүүлж, төрийн үйлчилгээг авчээ.
Төрийн үйлчилгээг авах гэж олон цагийг түгжрэлд зарцуулдаг байсныг шийдэж чадсанд иргэд ам сайтай, сэтгэл хангалуун байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар Нийслэлийн 46 цэг, орон нутгийн 81 цэг, хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын 24 улсын 38 цэг, хилийн боомтын 1 цэг, нийт 166 цэгээр иргэдэд төрийн цахим үйлчилгээг хүргэж байна.