Х.Нямбаатар: НИТХ-аар татвар нэмэх биш, харин бууруулах тухай асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ТэрбээрНИТХ-аар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь татвар нэмэх биш, бууруулах тухай юм. Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг мөн батлуулах гэж байгаа. Аж ахуйн нэгжүүдтэй удаан хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд шинээр орж ирсэн автобуснаас 350-ийг нь хувийн хэвшилд долоон жилийн хугацаанд лизингээр өгөхөөр болсон. Энэ дагуу баталгаа авч, сар болгон эргэн төлөлтийн хувь хэмжээг тохироод явж байна. Журмыг батлуулж чадвал, энэ жил саарал автобуснаас эргэн төлөлт болох 25 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. Дараа жил мөн энэ хэмжээний мөнгө төвлөрүүлнэ. Цаашид энэ сангаасаа автобус худалдаж авдаг болох юм.

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн авто зогсоолыг төлөвлөх, барьж байгуулах журам мөн бий. Нийслэл Улаанбаатар хотод зогсоол хайж явах нь зохиомол түгжрэлийг нэмэгдүүлж байгаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт Амьтны хүрээлэн ажиллуулах журам байдаггүй. Журам, зохицуулалт байхгүй байгаа нь эрсдэлийг дагуулна. Иймээс энэ журмыг батлуулах гэж байна.

Түүнчлэн Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх, зохион байгуулах, зөвшөөрөлтэй оршуулгын газар болон зөвшөөрөлгүй газар оршуулсан шарилыг шилжүүлэх журмыг батлуулах шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд бурхан болоочоо ил тавих зэргээр оршуулгын зан үйл үйлдэж байна. Үүнийг нэгдсэн журам, цэгцэд оруулахгүй бол халдварт өвчин гарах эрсдэлтэй. Оршуулгын газар болгон зөвшөөрөлтэй байх ёстой. Энэ нь зөвшөөрөлгүй газар оршуулгын үйл ажиллагаа эрхлэхгүй байх тухай зохицуулалт юм. Бид суурин газар амьдарч байгаа учраас энэ мэт зохицуулалтыг хийхээс аргагүй. Мэргэжлийн байгууллагуудаас ирүүлж байгаа зөвлөмжийн дагуу эдгээр журмыг боловсруулсан бөгөөд иргэдэд ямар нэгэн байдлаар дарамт болгох гэж журам батлаад байгаа юм биш.

Мөн Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг тогтоож, журам батлах асуудлыг хэлэлцэнэ. Энэ жил хатуу өвөл болж байгаатай холбоотойгоор Төв аймгийн малчдын адуунууд Улаанбаатар хотод орж ирж байна. Нийслэлийн зүгээс малчдад сануулж, малыг гаргадаг ч эргээд оруулдаг. Иймээс дахин оруулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс шинэ журам гаргаж, хариуцлагыг нэмэгдүүлнэ. Хот гэдэг бол суурин иргэншил.

Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай асуудлыг мөн НИТХ-аар хэлэлцэнэ. 2013 онд Улаанбаатар хот 325 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бол өнөөдөр 700 мянгад хүрээд байна. Энэ 10 жилийн хугацаанд нийт замын уртыг 25 хувиар нэмэгдүүлсэн. Гэтэл машин нь 100 хувиар буюу хоёр дахин нэмэгдсэн.

Түгжрэлийг шийдэхийн тулд шинэ хуулиар гэр хорооллын газар олголтыг зогсоохоор болсон. Одоо байгаа гэр хорооллыг тэлэхгүй, орон сууцжуулах арга хэмжээ авна. Мөн түгжрэлийн гол шалтгаан бол Улаанбаатар хотод жилд 50 мянга гаруй импортын машин орж ирж байна. Энэ байдал үргэлжилбэл, 2025 онд автомашин хөдлөх боломжгүй болно.

Би Хотын даргын хувьд хэн нэгэн хүний бизнесийг хязгаарлаж, машин авахыг нь зогсоох гээд байгаа юм биш. Түгжрэлийг шийдэхийн тулд  ийм шийдвэрийг хэзээ нэг өдөр гаргахаас аргагүй. Хэдий хэр хурдан хугацаанд ийм шийдвэр гаргана, төдий чинээ хурдан 2025 онд тэг зогсохоос урьдчилан сэргийлнэ. Машины тоог хязгаарлаж байж одоо байгаа машинуудаа хурдан явуулах холбоос болон тойрог хурдны замуудыг хийх төлөвлөлт рүү явна. Зам тавьсан ч автомашины тоо энэ хурдаар нэмэгдвэл асуудлыг шийдэхгүй. Өнөөдөр 700 мянган машин явж байгааг ойлгох хэрэгтэй. Энэ тоог хязгаалахгүй бол гурван жилийн дараа энэ тоо нэг саяд хүрнэ.

Автобусанд нэг удаа 1000 төгрөг төлөөд, өдөрт дөрвөн удаа цагийн хязгаарлалтгүй зорчих нь иргэдэд ашигтай. Одоогийн төлбөр 500 төгрөг, дараагийн дамжин суулт 30 минут дотроо үнэгүй байгаа нь учраас иргэд 4-5 удаа төлбөр төлж зорчиж байгаа. Нийтийн тээврийг шинэчлэх, авто зам ашиглалтыг сайжруулах, замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэрийн төслүүдийг өргөн бариад байгаа юм. НИТХ тухайн асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэнэ”хэмээлээ.

Үүний дараа Хотын дарга сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Зогсоолын төлбөрийг нэг цагийн 5000 төгрөг болгох зохицуулалт байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Тус зохицуулалт нь Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос ирсэн санал. Мөн НИТХ-аар нээлттэй хэлэлцүүлнэ. Зогсоолыг нэмэгдүүлж, эргэлтэд оруулах хэрэгтэй. Зогсоол хайж хиймэл түгжрэл үүсгэх бус, зорьсон байршилдаа тухай бүрд нь зогсох боломжийг бүрдүүлэх юм.

Түгжрэлийг бууруулах үндсэн арга зам бол автомашины импортыг хязгаарлаж, нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлэх юм. Улаанбаатар хотын иргэдийн 60 хувь нь хувийн автомашинаараа зорчиж байна. Энэ гуравдугаар сард Хан-Уул дүүрэгт дүүжин тээврийн эхний трассын барилга угсралтын ажил эхэлж, арванхоёрдугаар сард дуусна. Хоёр дахь трассын байршлыг гүйцэтгэгч “Пома” групптэй зөвшилцөж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хэлэлцэх шийдвэрийн төслүүдэд автомашинаа уналгүйгээр нийтийн тээврийн хэрэглээнд шилжихэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгасан. Бүгд судалгаа, тооцоонд үндэслэсэн.

Нийслэл дээр дугаар олголт хариуцах бие даасан, шинэ бүтэц бий болно. Сөрөг хүчин шүүмжилж болно. Гэвч сүүлийн хэдэн жилд үргэлж ирээдүйгээ баллах байр суурийг зохион байгуулалттайгаар сөрөг хүчнүүдээс илэрхийлж байна. Бид түгжрэлд зарцуулах цагаа бусад хэрэгтэй зүйлдээ зориулах хэрэгтэй. Иймд өнгөрсөн 30 жилийн алдааг хэн нэгэн рүү чихэх бус, түгжрэлээс хэрхэн гарах талаараа бодмоор байна.

-Орон нутгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас дээш хугацаанд зорчвол тодорхой хэмжээний төлбөр төлөх зохицуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Улаанбаатар хотод дугаар олголт хязгаарлачихаад орон нутгийн автомашинууд чөлөөтэй зорчоод байвал дугаар хязгаарласны үр дүн гарахгүй. Тиймээс орон нутгийн автомашинууд 48 цаг дотроо хэвийн зорчоод, 48 цагаас хэтэрвэл хоногийн 5000 төгрөгийг зам ашигласны төлбөрт төлнө. Мөн Улаанбаатар хотын захын гурван цэгт орон нутгаас ирж буй автомашинуудад зориулсан үнэгүй зогсоол байгуулж, тус чиглэлүүдэд нийтийн тээвэр явуулах юм. Тухайн зогсоолуудад машинаа байрлуулаад хот руу орж ирэх сонголт бий болгож байгаа. Зам дээр автомашинууд багтахаа больж байна. Үүний хязгаарыг тогтоосныхоо дараа авто замын сүлжээг нэмэгдүүлэх, холбох гэх мэт арга хэмжээг авах шаардлагатай. Түгжрэлийн асуудлаа шийдсэн улс орнууд энэ мэт л хүнд шийдвэрүүдийг гаргах замаар явсан. Лондон хот төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийхэд маш том бослого гарч байсан ч асуудал нь шийдэгдсэн. Тэгэхээр бид том хотод тулгамддаг асуудлуудтай тулгарч байна. Тиймээс асуудлаас зугтаж, халшрах бус, нүүр тулан шийдвэрлэхээс өөр аргагүй.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …