Дуудлага худалдаагаар Макс группийн ах дүү тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар, МУТМУ Д.Онон, С.Ганхуяг, МУАУ Э.Ганбат, П.Баяраа нарын адуун сүргээс дуудсан бөгөөд нийт 26 адуу оролцлоо. Эдгээрээс арваад адуу нь эзнээ олсон. Дуудлага худалдаагаар хараахан зарагдаагүй үлдсэн адуунууд нь арга хэмжээний дараа “ханцуй дотрох наймаа”-аар эзнээ бараг олцгоочихшиг болсон.
Өнгөрсөн харвар болсон дуудлага худалдааны үеэр Барс группийн ерөнхийлөгч Мандахын Мөнхбат 18 саяар Д.Онон манлайн унаган хусран даагатай гүүг авсан нь тус дуудлага худалдааны хамгийн өндөр үнэ хүрсэн адуугаар тодорч байлаа. Тэгвэл энэ удаагийн худалдаагаар мөн л Онон манлайн унаган хусран даагатай зээрд халзан гүү 17.5 саяас дуудагдаж 18 саяар Мандахын Мөнхбатад очлоо. М.Мөнхбатын хувьд үүнээс гадна Д.Онон манлайн унаган бор үрээг /Авзага трейд компанийн захирал П.Мэндбаярын ланд бор азарганы төл бөгөөд эх өвгөн тогоруу азраганы төл гүүнээс гарсан хар гүү/ 15.5 саяар, Максын унаган цагаан хонгор гүүг 5 саяар тус тус өөрийн болгож, хамгийн олон болоод хамгийн өндөр үнэтэй адуу авсан эрхмээр тодорсон юм.
МУАУ Э.Ганбатын унаган зээрд гүү /даагатай/ 12 саяас дуудагдаж Өмнөговь аймгийн уяач Лхаачингийн Батчулуунд 12.5 саяар очлоо. Энэхүү зээрд гүүний эцэг нь Э.Ганбатын Төв аймгийн 80 жилд аман хүзүү, Боржигоны даншигт айрагдаж байсан хурдан зээрд азарга бөгөөд энэ азарга нь Дорнодын Цагаан овоо сумын Пянз Энхээгийн унаган адуу юм. Эх зээрд халзан гүү нь Хар Сэмжидийн унаган адуу. Энэ гүүний эцэг нь Төв аймгийн Жаргалантын Жанчивын хонгор халзан азарга. Энэ хонгор халзан азарга нь Улаан нүдэн Дамдинсүрэнгийн зэгэл азарганы шууд үр юм. Зээрд гүүний унага нь халзан унага (эр) байсан ба эцэг нь Улаан-Үүдийн морин тойруулгад олон түрүүлсэн “Халбек” нэртэй Англи-Будённый үүлдрийн хээр азарга юм гэнэ лээ.
Максийн адуунаас Асгат сааралын төл саарал шүдлэн дээр дөрвөн хүн үнэ хаялцан нэлээн ширүүхэн өрсөлдөөн гарсаны эцэст МУТМУ Х.Бат-Эрдэнэ 13 саяар өөрийн болгосон. Саарал үрээний хувьд зургаан саяас дуудагдаж тийнхүү дариу долоон саяар өссөн юм. Х.Бат-Эрдэнэ тод манлайгийн хувьд МУАУ Пүрэвийн Баяраагийн унаган бор байдсыг мөн 14 саяар авсан. Тэхдээ тэрхүү бор байдсаа дуудлагаар аваагүй, ачаад ирэхэд нь шууд наймаа хийсэн.Асгат саарлын төл бас нэг саарал даага байсан нь 5 саяас дуудагдаж 5.5 саяар зарагдсан.
Э.Ганбат алдартын адуунаас бас нэг адуу зарагдсан нь Чита болон Агийн буриадын морин тойруулгад хэд хэд түрүүлж байсан Оросоос ирсэн Англи-Будённый үүлдрийн “Варвар” нэртэй азарга, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Уртын Дамдинжавын адууны халзан гүү хоёрын дундаас гарсан хамар цагаан зээрд үрээ 9.5 саяар Увс аймгийн Тэс сумын Баттулга гэх залууд очсон юм. Энэ залуу урд нь болсон дуудлага худалдаанаас бас адуу авч орон нутагтаа сайн хурдлуулж байгаа гэсэн.
Дуудлага худалдаанд ихэвчлэн битүү үрээнүүд болон байдсан гүүнүүд оролцсон бол хурд нь тодорчихсон нэгэн адуу байсан юм. Тэр бол “дуудлага худалдаанаас тодорсон хурд” буюу МУАУ Д.Хишигжаргалын хурдан бор үрээ. Бүсийн наадамд гурвантаа аман хүзүүдээд байгаа энэхүү бор үрээг хоёр жилийн өмнө дуудлага худалдаанаас 30 саяар авсан тухай манай сайт уншигч та бүхэндээ хүргэсэн. Д.Хишгээ алдарт бор үрээгээ дуудлага худалдаанд оролцуулахаар авчирсан боловч эцэст нь дуудуулхааргүй болсон юм. Олны яриагаар бол бор үрээгээ 250 мянган доллараас эхлэн дуудах бодолтой байсан гэнэ.
С.Ганхуяг тод манлайнхаас цэвэр цусны азарга, гүү хоёр оролцуулж, гүүгээ 35000 доллар, азаргаа 30000 доллараас тус тус дуудсан боловч үнэ хэлэх хүн гараагүй юм.
Энэ удаагийн дуудлага худалдааны сонин сайхнаас товчхон дуулгахад ийм байна. Ирэх даваа гарагт дуудагдсан болон зарагдсан адуунуудын гэрэл зургуудыг уншигч та бүхэндээ хүргэх болно.
HIIMORI.mn Б.Ганпүрэв