“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдана.

“Парис 2024” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос шилдэг тамирчдын амжилтын баталгаа болох медалийг танилцууллаа.

Олон улсын олимпын хорооны зөвлөмжийн дагуу медалийн нүүрэн талд Грекийн ялалтын бурхан Никэ болон “Афин 1896” анхдугаар Олимпын наадам өрнөсөн Панатинаикос цэнгэлдэх хүрээлэнг дүрсэлснээс гадна Парис хотын бэлгэ тэмдэг Эйфелийн цамхгийн дүрсийг багтаасан байна.

Харин ард талд нь 1887-1889 онд Эйфелийн цамхгийг сэргээн засварлах үед гарсан төмөр хэлтэрхий хэсгүүдээр эх газар дахь Франц улсыг санагдуулах зургаан өнцөгтийг урласан байна.

“Парис 2024” Олимп болон Паралимпын медалийн хэмжээ нь 9.2 мм зузаан, 85 мм диаметртэй байх ба медаль тус бүр Эйфелийн цамхгийн 18 г төмөр агуулсан бөгөөд алтан медаль 529г /цэвэр алт 6г/, мөнгөн медаль 525 г, хүрэл медаль 455 г жинтэйгээр нийт 5084 ширхэг хийгдэх аж.

Энэ удаагийн наадмын медалийн загварыг 240 гаруй жилийн түүхтэй Францын гоёл чимэглэлийн Чаумет /Chaumet/ брэнд хамтран бүтээсэн бөгөөд нарны туяа болон гэрлийн тусгал медалийг түлхүү чамин харагдуулна хэмээн онцоллоо.

 

Санал болгох мэдээ

Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын …