Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын үнэлгээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.
Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ” Цас, зудтай хүнд үеийг улс төрийн жижиг эрх ашгаар харах дэмий байдаг юм.
Тэр зүйлээ орхиод, үндэсний хэмжээнд нэгдэж, хамтдаа малчдадаа тус болъё.Үндэстнээрээ нэгдмэл байж малчдадаа туслахыг уриалж байна”гэлээ.
Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж хүргэх үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.
Засгийн газар хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор гурил, тэжээл зэрэг импортын зарим барааны татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.