Ардчилсан намаас ээлжит бус чуулган зарлахыг шаардлаа

Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар эхлүүлж 21 аймагт штаб байгуулан ажиллахаар болсон талаараа мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Монгол Улсын нийт газар нутгийн 80 хувь цас, зудын аюул нүүрлэчихсэн байна. Ардчилсан намын даргын шийдвэрийн дагуу Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн бүтцийн хүрээнд нийт салбар хороодоор дамжуулан “Амь нэгтэй Монголчууд” малчдадаа туслах аяныг санаачлаад байна.

 Хүнд хэцүү цагт нэгэндээ тусалдаг ард түмэн. Энэ ч үүднээс 2019 онд малчдадаа тусламж үзүүлж байсан бол 2020 онд ковидын үед малчид маань нийслэл хотынхондоо хониор тусалъя аяныг хийж байсан. Сүүлийн 49 жил тохиож байгаагүй зуд тохиож байгаа тулд Ардчилсан нам гишүүдийнхээ зүгээс хандивын аяныг эхлүүлээд байна.

Нэн яаралтай малчид дээрээ очиж хүрэх, нэн яаралтай тусламжуудыг үзүүлэн ажиллах шаардлага тулгарч байна. Нийт малчдын 50 хувь нь ядуучуудын эгнээ рүү шилжиж байна гэдэг тооцоолол гарсан байна”гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүн Ж. Батсуурь:Монгол Улсад налгар сайхан намар болчхоод араас нь маш их хэмжээний цас 11-р сарын 4-ний өдөр орон даяар орсон. АН-ын бүлгийн гишүүд болон миний бие УИХ-ын чуулганд давхардсан тоогоор 30 гаруй удаа Улсын Их хурал, Засгийн газарт санал илэрхийлсэн.

Хээрийн штаб, Отрын штаб байгуулах, малыг тарган байгаа дээр нь бойлох, малчдаас махыг нь хямдруулахгүй авах, өвс тэжээлийн фондыг аймаг, суманд нь дөхүүлэх гээд шаардлагуудыг хүргүүлсэн боловч өнгөрсөн 4 сарын хугацаанд эрх баригчид хуруу байтугай хумсаа ч хөдөлгөсөнгүй.

 

Гэтэл ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хэлээд яриад байхад юу ч хийгээгүй байж ихэнх мал үхээд дуусах болохоор улс төрийн шинжтэй арга хэмжээнүүдийг авч байна. Бид нар орон нутагт ажилласан. Үнэндээ хөдөө Цагаан сар гэж болоогүй. Цагаан сарын өмнө зам талбай гаргахад өглөө нь гаргасан зам өдөр нь дарагдчихдаг. Өдөр нь гаргасан зам орой нь дарагдчихдаг. Энэ жилийн зуд бол түүхэнд байгаагүй шилэн зуд, төмөр зуд болж байна.Гэтэл телевизийн мэдээг үзэхэд улсын хэмжээнд 600, 700 мянган мал үрэгдэж байна гэж ичихгүй худлаа ярьж байна.

Зөвхөн Сүхбаатар аймагт л гэхэд сая гаруй мал үрэгдсэн. 2023 оны таван сарын гамшгаар 500 гаруй мал, бүх төлөө алдсан. Одоогийн байдлаар 600 гаруй мал үхсэн, өмнөхийг нь нэмээд тоолбол нэг аймагт сая мал хорогдсон байна. Нэг бүсэд гэхэд бараг хоёр сая орчим мал хорогдож,  улсын хэмжээнд шилэн зуд болж байна. Эрх баригчид малчдыг хайрлана, энэрнэ гэхээс илүүтэйгээр улс төрийн шинжтэй үйлдлүүд хийж байна.

Малынх нь үнэ өсөхгүй бол тэр хүмүүс өвс тэжээлээ яаж авах юм бэ, 8 жилийн өмнө сонгуульд оролцохдоо боодол бохьны үнэтэй арьс ширийг үнэд оруулна гэчхээд өнөөдөр боодол бохь ч авч хүрэлцэхгүй хэмжээнд байна.

Өнөөдөр Мэнэнгийн тал нутагт Монголын бараг бүх адуу байна. Ихэнх үхрүүд тэнд оччихсон байна. Тэнд хэдэн зуу мянга бараг сая илүү мал хөл толгойгоо алдчихсан байна. Тэнд хээрийн штаб байгуулаад өгөөч гэж дөрвөн сарын өмнө хэлсэн. За гэсэн ч байхгүй. Бид нар чаддагаараа аймгууд, сумдууд нийлээд хэдэн гэр бариад, хэдэн эмч авчраад, татах чирэх машин авчраад хүч хүрэхгүй байна. Засгийн газар гэхэд л өнөөдөр гаргая гэвэл хэдэн арваараа энэ байлдааны техникүүд байна шүү дээ. Том машин 40 км-т 10 цаг явж байна. Зөвхөн урд талдаа гарах нүхтэй. Тийм газар бог мал яаж үлдэх вэ.

11-р сарын 10-ний өдөр анхныхаа мэдэгдлийг хийж 30 гаруй удаа чуулган дээр ярьсан боловч нохой хуцсан чинээ тоож сонсохгүй байна.

Одоо хэзээ мөдгүй амьсгаагаа хураах гэж байгаа малд тэр хивэг очоод ямар хэрэгтэй вэ, яаралтай ээлжит бус чуулган өнөө маргаашгүй зарлаж, хүнээ аврах, малчдадаа туслах үйл ажиллагааг хийх нэн шаардлагатай байна.

 

УИХ-ын гишүүн Ц. Туваан: Малчид малаа алдсанаараа дан ганц малчид эрсдээд байгаа юм биш Монгол Улс тэр даяараа эрсдэлд орж байна. Хотын, хөдөөгийн монгол гэж байхгүй нэг л монгол бий. Одоо бид нэгдэж гамшгаас гарах гаргалгааг ярих болсон. Энэ олон малаа алдсан иргэдэд төрөөс халамжийн бодлого явуулахаас өөр аргагүй. Улаанбаатарчууд яг одоо хөдөө орон нутагт байгаа, ах дүү, хамаатан садандаа туслах цаг ирсэн шүү.

2000 оны зуднаар Монголчууд Улаанбаатар хот руу чиглэсэн их нүүдэл явсан, 2024 оны зуднаар энэ нүүдэл болоход маш ойрхон байна. Одоо зохицуулж чадахгүй байгаа Улаанбаатар хотын утаа, түгжрэл бүр ч илүү нэмэгдэх магадлалтай байна.

 Мал аж ахуй эрсдэлд орохоор ард иргэдийн махны хангамж, хүнсний асуудал, сүүний асуудал, хөнгөн үйлдвэрүүд хэрэглэдэг ноос ноолуур, түүхий эдээ хаанаас авах вэ гэдэг маш том асуудал бий болно.

Малчдын гар дээр ямар ч мөнгө алга. Хөдөө малчид үхсэн ганц ямаагаа өгөөд нэг боодол хивэг юм уу өвс төдий л авч байна. Гамшиг, гэнэтийн аюулын үед Засгийн газраас яаралтай арга хэмжээ авч эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй хамтарч ажиллах шаардлага тулгарч байна.

 

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …