Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.02.22/өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр малчдын зээлийн эргэн төлөлтийг ирэх зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулахаар болсон гэдгийг мэдэгдлээ.
Шадар сайд С.Амарсайхан: Малчдын хувьд анхаарал хандуулаач гэсэн олон хүсэлтүүдийн нэг нь зээл тусламжтай холбоотой асуудал байна. Улсын хэмжээнд байгаа 190 гаруй мянган малчдаас 141 мянган малчин Хаан болон Төрийн банканд нийт 1.2 их наяд төгрөгийн зээлтэй байна. Зээлийн дундаж хүү 21 хувь, зээлийн дээд хэмжээ 30-50 сая төгрөг байна. Малчид зээлээ аваад үр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, түлээ түлш, өвс, тэжээл, хашаа саравчинд зарцуулдаг. Гэтэл малаа барьцаалаад зээл авчихсан тул зээлээ төлөхөд хүндрэл үүсэж байна.
Тийм учраас зээлийн төлөлтийг хойшлуулж өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байна. Би хөдөө орон нутагт ажиллаж буцаж ирээд Монголбанкны удирдлагууд, Төрийн банк, Хаан банкны удирдлагуудтай уулзаж зээлийн эргэн төлөлтийг зургаадугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар зөвшилцсөн. Малчид зээлээ хойшлуулахдаа тухайн орон нутгийнхаа банкны салбарт очиж болон цахимаар хандаж хойшлуулах боломжтой.