Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Улсын төсөв, аймаг орон нутгийн төсвийн эх үүсвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг зудын нөхцөл байдал хүндэрсэн 14 аймгийн 111 сумын малчдад үнэ төлбөргүй тарааж, дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ төмөр зудын хэлбэрт байгаа сум бүрд 150 тонн, цагаан зуд болсон сумдад 75 тонн тэжээлийн будаа тараана. Тухайн суманд амьдарч байгаа малчин өрхийн тооноос хамаарч нэг айлд 250 кг тэжээл оногдохоор тооцсон.
Зудын нөхцөл байдалд байгаа 111 сумын 117 мянга гаруй малчин өрх бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа хүргэнэ. Улсын нөөцөөс 5 тэрбум төгрөг гаргаж энэхүү ажлыг санхүүжүүлэх бөгөөд Улсын онцгой комисс болон ОБЕГ аймаг, сумдын Засаг даргын Тамгын газруудтай хамтран хэрэгжүүлнэ”гэв.