Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2024.02.29/ гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Билгүүн “Гурилын үнэ өсөж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж ажиллалаа.
Энэ хүрээнд гол үйлдвэрлэгч найман аж ахуй нэгжид үнийн судалгаа хийсэн. Нэг жилийн хугацаанд гурилын үнийг 4-12 удаа нэмсэн байна.
2022 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд:
-Дээд гурил дунджаар 62.8 хувиар
-Нэгдүгээр гурил 53.1 хувиар
-Хоёрдугаар гурил 40.9 хувиар гурилын үнэ өссөн байна.
Бид гурил үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийг судалж үзэхэд:
-Улаанбаатар дээд гурил 47 хувиар
-Улаанбаатар нэгдүгээр гурил 41 хувиар
-Од групп дээд гурил 95.5 хувиар
-Од групп нэгдүгээр гурил дээр 70 хувиар
-Алтан тариа дээд гурил дээр 64 хувиар
-Алтан тариа нэгдүгээр гурил дээр 55.6 хувиар тус тус үнээ өсгөсөн судалгаа гарсан.
Улаанбуудай гурилын 87.5 хувийг эзэлдэг. Улаанбуудайн үнэ хэвэндээ байхад гурилын үнэ огцом өссөн нь үндэслэлгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Тийм учраас хэрэг үүсгээд асуудал шүүхийн шатандаа явж байгаа.
Гурил үйлдвэрлэгч нар холбоотой. Монголын гурил үйлдвэрлэгчдийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбоонд гурил үйлдвэрлэгчид гишүүнээр байдаг. Энэ дээрээ ярилцаад гурилын үнээ зэрэг нэмээд явдаг нөхцөл байдал ажиглагдсан.
Шүүх дээр хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй байгаа ч өнөөдрийн байдлаар үнийн судалгаа хийхэд гурилын үнэ тогтмол өссөөр байна.
2023 оны нэгдүгээр сараас хойш дээдийн дээд гурилын үнийг таван удаа нэмсэн байна. Нийт өсөлтийн хувь нь нэг кг дээр 19 хувь буюу 635 төгрөг. Харин дээд гурилын үнийг есөн удаа нэмсэн байна. Нийт 16 хувиар нэмсэн ба кг тутамд 405 төгрөг нэмсэн байна.
Тэгвэл нэгдүгээр гурилын үнийг нийт есөн удаа нэмсэн бол хоёрдугаар гурилын үнийг 154 төгрөгөөр нэмсэн байна. Монголын гурил үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, төрийн бус байгууллагаар дамжин үнээ тохирдог юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ асуудалд манай байгууллагаас холбогдох арга хэмжээг авч ажиллахаа мэдэгдэж байна. Гурил үйлдвэрлэгчдэд шударга өрсөлдөөний хууль тогтоомжоо биелүүлж, хэрэглэгчийн эрх ашгаа хүндлэн дээдлэхийг уриалж байна.” гэлээ.