Б.Энхболд: Зудын үед төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, тэгш хүргэх хариу арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэх шаардлагатай

ХЭҮК долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр хүний эрхийн тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон цаг үеийн мэдээллийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэдэг уламжлалтай.

Энэ удаагийн /2024.02.29/ хэвлэлийн бага хурлаар Комиссын гишүүн Б.Энхболд шударгаар шүүлгэх эрх болон гамшгийн үед хүний эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.

СҮХБААТАР, ТӨВ, ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД КОМИССЫН ГИШҮҮНИЙ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН

Хүний эрхийн Үндэсний Комисс 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өвлийн улиралд Хурдан морины уралдаан зохион байгуулсан талаарх мэдээллийн дагуу холбогдох ажиллагааг хийж Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, харьяалах нутаг дэвсгэрт нь хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулсан сумын Засаг даргад хуульд заасан арга хэмжээ авах талаар Комиссын гишүүний шаардлагыг Сүхбаатар, Төв, Ховд аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Цаашид Комиссын гишүүний шаардлагын хэрэгжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨРТ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ АСУУДЛЫГ ТУСГУУЛАХААР ХҮРГҮҮЛЛЭЭ

Комисс улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих асуудлыг тусгуулах үүднээс улс төрийн 22 намын 31 төлөөлөлтэй уулзалт хийж, харилцан санал солилцсон.

Тус уулзалтаар Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд улс төрийн намын үүрэг оролцоо, намын бодлого, хөтөлбөрийг хүний эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дорвитой хувь нэмэр болохуйц бодлого тодорхойлох, шийдвэр гаргах, хэрэгжилтийг хангах, хүний эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг ярилцлаа. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний өнөөгийн нөхцөл байдал, анхаарал хандуулах шаардлагатай тулгамдсан асуудлын талаар санал солилцож, улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгах хүний эрхийн асуудлыг хөндлөө.

Түүнчлэн УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр сонгогчдын санал өгөх орчин нөхцөл, боломж, бололцоог нэмэгдүүлэх, сонгогчдын сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллана.

ГАМШГИЙН ҮЕД ИРГЭДИЙН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДИЙГ НЭН ТЭРГҮҮНД ХАМГААЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Өвөлжилт хүндэрч улмаар Архангай, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Хөвсгөл, Дундговь Увс Сэлэнгэ Баянхонгор Баян-Өлгий Дорнод Сүхбаатар зэрэг аймгуудад төмөр зуд болж байна. Энэ хүрээнд ХЭҮК нь төрийн байгууллагууд гамшгийн үед оновчтой, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа эсэхэд Төв, Орон нутаг дахь ажилтнуудаар дамжуулан мэдээлэл солилцож, хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.

Комисст ирүүлсэн мэдээллээр:

Өмнөговь аймаг нийт 15 сумын хэмжээнд 478 өрхөд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч, 16.000 толгой мал хорогдсон.

Говьсүмбэр аймаг – Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн ковш автомашин Сүмбэр сумын 6-р багт 30 км зам гарган ажилласан байна. Өвөлжилт хүндэрсэн нийт 874 айл өрх байгаагаас өвч, тэжээлгүй болсон Сүмбэр сумын 658 өрхөд хуваарилсан өвс, тэжээл тараасан.

Дорноговь аймаг – Өвөлжилт хүндэрсэн нийт 46 айл өрхөд өвс, тэжээл, 34 өрхөд түлш түлээ хүргэсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ 3 өрхөд тусламж үйлчилгээ үзүүлэн ажилласан байна. Байршил тогтоох аплейкшин сурталчлан таниулах ажлыг Сайншанд суманд зохион байгуулж, 22 малчин, иргэний гар утсанд татан өгч, ойр дотнын хүмүүстэй сурталчлан таниулж, суулгахыг зөвлөн ажиллаж байна.

  • Говь-Алтай аймаг- 18 сум, 2 тосгон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
  • Дундговь аймаг – Төрийн цэргийн байгууллагын Зил-131 автомашинтай 6 алба хаагч, аймгийн Онцгой комиссоос 2 ажлын хэсэг 5 алба хаагч, нийт 5 техник, 9 алба хаагч Хулд, Дэрэн сумдад ажиллаж байна. Зам гаргах, иргэдэд өвс тэжээл хүргэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
  • Дундговь, Увс аймаг – Зудын эрсдэлийн үнэлгээгээр маш их гэсэн үнэлгээтэй гарсан. Нийт 3392 малчин өрхөд өвс тэжээл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэж ажилласан. Уг арга хэмжээнд 927 төрийн алба хаагч 101 техник хэрэгсэлтэйгээр оролцсон. Онцгой байдлын газар 22 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж цасанд боогдсон 183 автомашин, 826 иргэний аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.
  • Сэлэнгэ аймаг – Орхон сумын бог малаа хариулж яваад шуурганаар төөрсөн 1 хүүхэд, 6 өрхийн 1800 бог, 543 бод мал, 5 өвөлжөөг авран, хамгаалж, аюулгүй болгосон. Мөн “Унаган толгой”, “Шандын даваа”-ны цасыг цэвэрлэж 44 автомашинтай 57 иргэнийг авран, аюулгүй болгосон.

Монгол орны нийт нутгаар өвөлжилт хүндэрч байгаа энэ өдрүүдэд алслагдсан сум, багт ажиллаж, амьдарч байгаа иргэдэд төрийн зарим үйлчилгээ хүртээмжтэй, тэгш хүрэх боломж хязгаарлагдах эрсдэлтэй. Тиймээс төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, тэгш хүргэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах шаардлагатай. Түүнчлэн өндөр настан, хүүхэд, бие давхар эмэгтэйчүүд, малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг зорилтот бүлгийн эрхийг нэн тэргүүнд анхаарах нь зүйтэй.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …