УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар гурил, тэжээлийн үнийг өсгөхгүй байх зорилгоор Засгийн газраас өргөн барьсан Импортын улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Гурилын үнэ зүй ёсныхоо нэмэгдлээс халиад явсан. ШӨХТГ -аас үнийн асуудал дээр удаа дараа шалгалт хийж, үгсэн хуйвалдаж үнээ үндэслэлгүй нэмсэн гэдгийг тогтоож, акт тавьсан. Шүүх дээр шийдэгдэлгүй жил орчмын хугацаа өнгөрч байна. Цаашдаа энэ салбарын монополийн асуудал ШӨХТГ-аас тавьж байгаа актын хэмжээнд шийдэгдэхгүй болсон нь тодорхой болсон. Төр нэг талдаа стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаар гурил, улаанбуудай зэрэгт хамгаалалт нөгөө талдаа дэмжлэг үзүүлээд явахаар монополь тогтсон. Хилийн цаана нэг кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2600-3000 төгрөгөөр зарагдаж байгаа нь хиймэл үнийн хөөсрөлт гэдэг дүгнэлт гарсан.
Гурилын үнийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар бодит үнэ дээр авчрах зорилгоор Засгийн газраас улаанбуудай болон гурилын импортын татварыг чөлөөлөх, ингэхдээ хэмжээ тавихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
ШӨХТГ-ын мэдээлэл дээр үндэслээд үнийн зохиомол хөөргөдөл бий болгосон гэж акт тавьсан. Акт тавьсны дараа “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүн хэвлэлээр дамжуулан даапаалсан. Ингэж давартлаа томорсон. Монголын төрийг ард түмэнтэй нь дарамталж байна. Бүх шатандаа хөнгөлөлттэй зээл, дэмжлэг авч үйлдвэрлэл хийчхээд дэлхийн зах зээлээс гурав дахин өндөр үнээр гурил зарж байгаагаа гавьяа байгуулж байгаа мэт ойлгуулж, асуудал шийдвэрлэж, төр шийдвэр гаргах гэхээр бойкот хийдэг байдал гурил үйлдвэрлэлийн салбарт нэгэнт тогтсон байна. Тиймээс Засгийн газар энэ байр сууриасаа ухрахгүй.