“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увснуур” дэвжээний бөх, даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их богд” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр наршалгарлаа.
Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Ц.Одбаяр, Д.Анар, Б.Серик нар үлдэв.
Энэ барилдааны түрүү бөх Соната-9 маркын автомашин, үзүүр бөх 4 сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 2 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай гардсан бөгөөд бусад давааны бай шагналыг мөн нэмэгдүүлэн өгсөн юм.
“Өлгийн хүчтэн” дэвжээний тэргүүн Ж.Нурбек “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг аймгийн хурц арслан М.Еркебуланд, “Аймгийн цол ойрхон бөх”-ийн шагналыг сумын заан Х.Гасырбект, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг аймгийн заан Е.Көптилект тус тус гардуулав.
Бай шагнал өндөртэй тус барилдааныг “Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл”, “Өлгийн хүчтэн” дэвжээнээс МҮБХ-той хамтран зохион байгууллаа.