Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.
Манай улс 2005 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэн, усны ач холбогдлыг иргэд олон нийтэд ойлгуулан, сурталчлан таниулахад анхаарч ирсэн юм.
Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтран “Усны нөөцийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөөг танилцуулах” арга хэмжээг зохион байгууллаа.
“Усны нөөцийн нэгдсэн бодлого, стратеги төлөвлөгөөг танилцуулах” арга хэмжээний үеэр Усны газрын дарга З.Батбаяр, Сав газрын захиргаадын дарга, мэргэжилтнүүд, Сав газрын талуудын оролцооны зөвлөл, аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын усны асуудал хариуцсан мэргэжилтнүүд олон талт төлөөллүүдийн өмнө дараах ажлуудыг НЭГ жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх амлалт өгөв.
Үүнд:
- Усны цахим нэгдсэн мэдээллийн системийг хэрэгжүүлж, хэн, хаана, хэзээ, хэрхэн, хэдэн литр ус ашиглаж байгааг тоо мэдээлэл өгдөг болох;
- Усны нөөцийн нэгдсэн мониторингийн системийг хэрэгжүүлж, усны нөөцийн хэт ашиглалт, бохирдлын хяналтыг хэрэгжүүлэх;
- Гадаргын усны хуримтлал бий болгох зорилготой 333 нуур, нэг сум- нэг нуур арга хэмжээг хэрэгжүүлж, гадаргын усны ашиглалтыг нэмэгдүүлэх юм.
Арга хэмжээний үеэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр, Улсын харцага Н. Золбоо нар ус хэрэглэдэг хүн бүрийг усаа хайрлаж, хэмнэж хэрэглэхийг уриалав.