Эрүүл мэндийн яам Канадын “Лаурэл сан”-тай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Эрүүл мэндийн яам Канад улсад төвтэй Лаурэл мэс заслын сантай нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Лаурэл мэс заслын сангийн ерөнхийлөгч Хью М Парсон нар  гарын үсэг зурлаа.

Монголчуудын нүдний эрүүл мэндийн төлөө 15 жилийн турш тасралтгүй ажиллаж байгаа тус сантай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулснаар Монгол Улсад нүдний эрүүл мэндийн чиглэлээрх хамтын ажиллагааны хүрээ улам өргөжин, эмч мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх, нүдний өвчлөлийг эрт илрүүлэхэд үр дүнгээ өгөх олон чухал арга хэмжээг бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэж буйг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг онцолсон. Мөн тэрбээр Санамж бичиг байгуулахад Канад улсаас Монгол Улсад суугаа Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани оролцож буй нь энэхүү хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл хэмээн талархаж буйгаа илэрхийлсэн.
Ноён Хью М Парсон хагас жилийн өмнө Эрүүл мэндийн сайдтай уулзахдаа хоёр талын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байсан бол өнөөдөр ЭМЯ болон Лаурэл мэс заслын сан хоорондын нүдний эрүүл мэндийн чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж буй нь Монголын талаас бидний ажлыг ойлгож, дэмжиж байгаагийн илэрхийлэл хэмээн хүлээн авч байна гэдгийг хэлсэн.

Тэрбээр мөн монголчуудын дунд нүдний өвчлөл их, ялангуяа хөдөөгийн иргэдийн дунд элбэг байгаа нь хараагүй болох эрсдэлд хүргэж болох учраас өвчлөлөөс сэргийлэх, эрт илрүүлэхэд анхаарах учиртайг хэлээд тус сангаас нүдний эрүүл мэндийн эрт илрүүлгийг эхний ээлжинд Баянхонгор аймагт явуулахаар төлөвлөснөө дуулгалаа.

Лаурэл мэс заслын сан манай улсад 2015 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа нийт 95 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 20,500 хүнийг эмчилж, 3000 гаруй хүнд катаракт буюу болор цайх өвчний мэс засал эмчилгээг хийсэн байна.
Түүнчлэн тус сан эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна эмч мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн анхаардаг. Нийслэл төдийгүй алслагдмал аймаг сумдын эмч нарт ажлын байран дээрх сургалтыг хийж, эмч нарын нүдний тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг нэмэгдүүлэхэд цаашлаад нүд судлалын резидентийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, эмч нарын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зэрэг олон чухал үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм. Тус сан нүдний резидэнтийн сургалтад ашиглах 200 сая төгрөгийн үнэ бүхий “Нүдний бичил мэс заслын ур чадварыг дэмжих төв”-ийг байгуулсан нь нүдний чиглэлийн сургалтын чанарт ахиц дэвшил авчирч үндэсний хэмжээний чадварлаг боловсон хүчинтэй болоход бодит утгаараа нөлөөлж байгаа юм.

Энэхүү санамж бичигт Эрүүл мэндийн хөгжлийн төв болон УНТЭ-ийн Нүд судлалын тасгийн резидент эмч нарын мэс заслын ур чадварыг сайжруулах, нүдний алимны мэс заслын сургалт болон бусад үйл ажиллагааг тус сангийн мэргэжилтнүүдийн багтай хамтран зохион байгуулахаас гадна Лаурэл мэс заслын сангийн Монгол Улсад эм, оношилгоо, эмчилгээний материал, тоног төхөөрөмж нийлүүлэлттэй холбоотой зарим зохицуулалтыг хийх боломжийг бүрдүүлэх  зэрэг олон ажлыг тусгасан байна.

 

Санал болгох мэдээ

Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, …