“Мөнгөн мод-2023” наадмын шилдгүүд тодорлоо

15 дахь удаагийн “Мөнгөн мод” соёл, урлагийн шилдгүүдийг тодруулах наадам өчигдөр Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт  зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоол батлагдсанаас хойш 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа Соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Мөнгөн мод наадам” нь  “Соёлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулах, алдаршуулах зорилго бүхий ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа юм.

“Мөнгөн мод-2023” наадамд 216 уран бүтээлч өрсөлдсөнөөс соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач, гэрэл зурагчин гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулсан юм.

Наадмыг нээж Соёлын сайд Ч.Номин:2023 онд Монгол Улсын нийт экспортын орлого 15.2 тэрбум  ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин нэмэгдэж, Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа тус тус ашигтай гарлаа. Эдийн засгийн энэхүү өсөлтийн үр дүнд соёл урлагийн салбарт төрөөс зарцуулагдах төсөв 2 дахин өсөж, төрийн соёлын байгууллагын албан хаагчдын цалинг 66 хувиар, 4 дүгээр сараас дахин 10 хувиар нэмэгдэж байна.

“National Geographic” сэтгүүлээс 2024 онд заавал зочлох 20 музейн нэгээр Чингис хаан Үндэсний музейг нэрлэснийг дурдахад баяртай байна. Тун удахгүй “Үндэсний номын сан” болон Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд залуучуудын театр үүд хаалгаа нээж, иргэдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.

Засгийн газрын аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд соёл, урлагаар дамжуулан Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлыг Соёлын яам, соёл урлагийн салбарын уран бүтээлчид, соёлын бүтээлч үйлдвэрлэл  эрхлэгчид амжилттай хамтран хэрэгжүүлснээр Монгол Улсын  нэр хүнд өсөж, аялахад хамгийн таатай улсын жагсаалтыг тэргүүллээ. Энэхүү бодлогын үр дүнд өнгөрсөн онд 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг бүрдүүллээ.

Түүнчлэн дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, Facebook, Tiktok, Youtube зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай нийт 40 гаруй контентыг нийтэлж, дэлхийн хэмжээнд 155 сая орчим хүн үзээд байна. Мөн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын талаарх эерэг ойлголт олон улсад 38 хувиар өслөө. Соёл, урлагийн салбарын уран бүтээлчид болон тэдний бүтээлүүд олон улсад өндрөөр үнэлэгдэж, 2023 он Монголын түүх, соёл, урлагаар дэлхий давлагаалсан жил байлаа.

Энэ жилээс эхлэн соёл урлагаар дамжуулан Монгол Улсаа олон улсад сурталчлах ажлаа эрчимжүүлж “GO MONGOLIA Mongolia Always Moving” брэндийг дэлхий дахинаа таниулах ажил эхлээд байна. Тиймээс энэ удаагийн “Мөнгөн мод” наадмыг “Монгол урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв  дэлхийн дахинд” бодлогын хүрээнд зохион байгуулж байна. Улс, үндэстнийхээ соёлын дархлааг ур ухаан, авьяас билэг, бүтээлч сэтгэлгээгээрээ бэхжүүлж буй Та бүхэндээ чин сэтгэлийн талархлаа дахин илэрхийлж, нэр дэвшигчдэд амжилт хүсье” гэж хэллээ.

15 дэх удаагийн “Мөнгөн мод” наадмаас шалгарсан оны шилдэг уран бүтээлчид

  •   Тайз, дэлгэцийн шилдэг найруулагч – Чойнхорын Найдандорж Улсын драмын эрдмийн театрын найруулагч, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн

  • Тайз, дэлгэцийн бүтээлийн шилдэг зохиолч – Шагдарсүрэнгийн Гүрбазар Монгол Улсын Төрийн Соёрхолт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн
  • Шилдэг хөгжмийн зохиолч – Шатарын Өлзийбаяр Соёл Урлагийн Их Сургуулийн багш Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч
  • Шилдэг продюсер – Дашдамбын Ширмэнтуяа Үндэсний Урлагийн Их Театрын дуучин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин
  • Шилдэг удирдаач – Эрдэнэбаатарын Мөнхбаяр Үндэсний Урлагийн Их Театрын удирдаач, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • Шилдэг бүжиг дэглээч – Хатанхуягийн Хашхүү Үндэсний Урлагийн Их Театрын Бүжиг дэглээч, Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • Тайз, дэлгэцийн шилдэг зураач – Будын Анхбаатар Про Театрын найруулагч, зураач
  • Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчин – Цэгмэдийн Төмөрхуяг  /Монгол Улсын Гавьяат Жүжигчин/

  • Шилдэг дуучин – Баасансүрэнгийн Энхнаран Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • Шилдэг бүжигчин – Энхтуяагийн Амаржаргал “Амка данс студи”-ийн бүжигчин
  • Шилдэг хөгжимчин -Ганхуягийн Солонго Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол хөгжимчин Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан
  • Шилдэг судлаач – Лувсанноровын Эрдэнэчимэг Монгол Улсын Консерваторын багш, Доктор/Sc.D/ Профессор

Оны шилдэг уран бүтээл:

 

  • Ном хэвлэлийн шилдэг бүтээл – Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Соёл судлалын үндэс” бүтээл

  • Архитектурын шилдэг бүтээл – “Их Хуралдай Орд Өргөө” цогцолбор, Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Дэмбэрэлийн Төртогтох
  •  Дизайны шилдэг бүтээл – “Урьхан Брэнд”, “Урьхан Брэнд 2023” коллекц
  • Гэрэл зургийн шилдэг бүтээл – Гэрэл зурагчин Чойжилжавын Батзаяа “Бүргэд”, “Цаатан”, “Ирвэс”  Гэрэл Зураг Танин Мэдэхүйн Цуврал
  •  Дүрслэх урлагийн шилдэг бүтээл – Уран барималч Түмэннастын Даваасамбуу “Монгол Эр Хүн” Хүрэл баримал
  •  Цахим шилдэг бүтээл – Уран бүтээлч Очирсүрэнгийн Батхолбоо “Соёл, Боловсролын Интерактив Контент”
  •  Хувцас загварын шилдэг бүтээл – Уран бүтээлч  Батжаргалын Ганбаатар “Үүлэн Цуврал” коллекц
  •  Соёлын өвийн шилдэг бүтээл – Централ телевизийн “Монгол Өв Соёл” виртуал үзмэр
  •  Дуу хөгжмийн шилдэг бүтээл – Уран бүтээлч Эрдэнэбаатарын Шүтээн “Rising Sun” Пянз, Цомог “Райязан Саан”
  •  Тайз, дэлгэцийн шилдэг бүтээл – Уран бүтээлч Тогтбаатарын Амартүвшин “Хүннү Гүрэн Онгод” циркийн тоглолт

  • Кино урлагийн шилдэг бүтээл – Оранж Энтертэймент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “Шар Гэгээ” уран сайхны кино
  • Нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээл – Нямсайханы Тэмүүлэн “Хөг-Жим Тээгч” төсөл
  • Зар сурталчилгааны шилдэг бүтээл “АПУ” ХК,  “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй”  нөлөөллийн аян

Санал болгох мэдээ

Аялал жуулчлалыг хөгжүүлэх 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хугацааг сунгана

Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны ээлжит хуралдаан  дөрөвдүгээр сарын 25-нд “Чингис хаан олон улсын нисэх …