Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр /2024.04.03/ эх орондоо ирлээ. Тэрбээр Монголын боксын холбоонд “Парис-2024” олимпод эх орноо төлөөлөн оролцох боломж олгох хүсэлтийг 3-р сарын 18-ны өдөр гаргаж, эрх олгох сорил тэмцээнд оролцох боломжтой болсон юм.
Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар “Би хоёр удаа олимпод оролцож байсан. Тамирчин хүний хувьд олимп маш чухал. Монголын боксын холбоонд хүсэлт гаргасан. Хүсэлтийг минь шийдвэрлэж өгсөнд маш их баярлалаа. Тавдугаар сард олимпын эрхийн тэмцээн болно. Дутуугаа гүйцээмээр байна. Надад олимпын медаль л дутуу байгаа.
Сорил тэмцээний 63,5 жинд өрсөлдөнө. 63.5 кг-ийн жинд дүү нар байгаа. Би ч одоо ах болсон байна. Дүү нар аа басахгүй. Хэн хожсон, ялсан нь олимпын эрхийн тэмцээнд явна. Би шууд олимпын эрхийн тэмцээнд явъя гэж хэлээгүй. Сорилд ороод, ялсныг нь сонгон шалгаруулаад явуулаач гэж хүссэн.
Сүүлийн олимпын эрхийн тэмцээн болох гэж байна. Олимпод орох эрхээ авна гэдэг чинь дэлхийн аварга шиг юм болно. Олимпын эрхээ аваагүй байгаа бүх тамирчид оролцоно.
Хоёр олимпод оролцоод хүрэл медалийн төлөө тоглоод хожигдсон. Тэр надад маш их туршлага болсон. Хэрвээ эрхээ аваад олимпод орж чадвал ер нь өөртэйгөө л ажиллана. Бэлтгэл форум гэдэг зүйл спортод маш чухал. Маш олон зүйлийг ухаарсан, ойлгосон. Ер нь бол шууд алтан медаль л авна гэж бодож байна.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Монгол улсад энэ сарын 6,7-ны өдрүүдэд сорил тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү сорил тэмцээнд шалгарсан боксчид 5-р сард Тайланд улсын Бангкок хотод болох олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөх болно.