Цахим хөгжил, харилцаа, холбооны яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Төрийн бүтээмжийн сэргэлт-Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
Уулзалтад тус яамдын төлөөлөл болон Азийн цахим эрүүл мэндийн холбооны төлөөлөл, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр илтгэл тавьсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан.
Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй программ хангамж үйлдвэрлэгч ААН-тэй хамтран ажиллаж, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг бодит цагийн горимд нэгтгэх нөхцөлийг бүрдүүлж, үндсэн систем “ХУР”-тай холбогдон, иргэний зөвшөөрлөөр эрүүл мэндийн байгууллага хооронд эрүүл мэндийн мэдээллийг дамжуулах боломжтой болсон.
Мөн Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем И-Монгол-д “Эмийн жор”, “Шинжилгээний хариу”, “Дүрс оношилгооны дүгнэлт”, “Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ”, “Амбулаториор эмчлүүлэгчдийн карт”, “Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг цахим хэлбэрт шилжүүлэн, 5-р сарын 4-өөс өмнө бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Ингэснээр иргэд цаг, мөнгөө хэмнэх, хүнд суртал, аливаа эрсдэлийг бууруулах боломжийг бүрдүүлнэ гэдгийг илтгэлдээ онцоллоо.
Арга хэмжээний үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байсан Цахим эрүүл мэнд хөтөлбөрт анх 19.7 сая ам.долларын санхүүжилтээр эхэлсэн юм байна. Гэтэл үр дүнг нь иргэд мэдрээгүй. Хөндлөнгийн аудитын дүгнэлт хийлгэхэд 34 хувийн хэрэгжилттэй гэсэн учраас Дэлхийн банк санхүүжилтээ зогсоосон.Одоо Засгийн газраас системийг хэрэгжүүлсэн байгууллагаас мөнгө нэхэмжилсэн.
Манайх Эрүүл мэндийн яамтай хамтарч ажиллаад 17,18 байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, өнөөдөр үр дүн нь гарч байна. Мэдээлэл солилцох журмыг батлаад, 800 гаруй эмнэлэг бүгд хоорондоо холбогддог болсон. Эмийн жорыг И-Монголд оруулсан. Шинжилгээний хариу, дүрс оношилгооны дүгнэлтийг өнөөдрөөс оруулж байна. Ингэснээр эрүүл мэндийн салбарын хүнд суртлыг арилгана. Эрүүл мэндийн салбарын цахимжилт энэ салбарт эрх чөлөөг олголоо” гэв.