Бразил улсын Рио де Жанейро хотод буудлага спортын “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрх олгох Дэлхийн цомын тэмцээн дөрөвдүгээр сарын 11-20-ны өдрүүдэд болно.
Тэгвэл манай баг тамирчид уг тэмцээнд дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг нарын удирдлага дор 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд гар бууны дасгалд О.Гүндэгмаа, Ц.Анударь, Т.Баярцэцэг, Т.Баярмаа, Э.Бадамгарав, Ш.Буянзаяа нар өрсөлдөх бол урт бууны дасгалд Б.Эрхэмбаяр, Э.Сайнхүү, Г.Нандинзаяа, О.Янжинлхам, Ч.Нарантуяа, О.Мөнхзул нар цэц мэргэнээ сорих юм.
Одоогоор манай мэргэн буучдаас О.Есүгэн, Э.Даваахүү, Н.Баяраа нар “Парис 2024” олимпын наадамд оролцох эрхээ баталгаажуулаад буй.
Дашрамд дурдахад Монголын буудлага спортын баг тамирчид олимпын наадмаас нийт хоёр медаль хүртэхдээ 16 жилийн зайтай авсан бөгөөд “Барселон 1992”-оос Д.Мөнхбаяр хүрэл, “Бээжин 2008”-аас О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн түүхтэй.