“Газраа авъя, аваръя” хөдөлгөөний тэргүүн Н.Номун-Эрдэнэ өнөөдөр /2024.04.19/ газар олголттой холбоотой зөрчлийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 2019-2022 онуудын олгосон газар олголтод хийсэн аймгийн Төрийн аудитын газраас хийсэн гүйцэтгэлийн аудитын дүгнэлтээр газар олголттой холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн байна.
Хөвсгөл аймгийн Төрийн аудитын газрын дүгнэлтэд: Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар олгох зохицуулалтад хамаарах газрыг төсвийн байгууллагын нэрээр эзэмшүүлж, бусдад давуу байдал үүсгэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Энэ асуудлаар “Газраа авъя, аваръя” хөдөлгөөнөөс дэвшүүлсэн Мөрөн суманд иргэдэд газар эзэмшүүлсэн зарим асуудлыг шалгах хүсэлтийг Хөвсгөл аймгийн ИТХ хүлээн авч, яаралтай горимоор аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж ажлын хэсэг байгуулсан.
Хөвсгөл аймгийн ИТХ-ын Ажлын хэсэг тухайн асуудлыг шалгахад:
-Хөвсгөл аймгийн Мөрөнд суманд 2023 онд газар авсан гэх 534 хүний 100 хүнийх нь материал огт байхгүй. Нийт өргөдөл өгсөн 1611 хүний бүртгэл огт байхгүй.
-Хөвсгөл аймгийн Мөрөн суманд газар олголтыг зохион байгуулахдаа Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Мөрөн сумын ЗДТГ-т ажилладаг 11 хүн хууль журмын бус байдлаар өөрсдөдөө газар авсан.
-Мөрөн сумын ИТХ-аас батлагдсан журмын дагуу анх удаагаа газар эзэмших 18-35 насны залуу гэр бүлд түлхүү олгохоор байсан боловч энэ заалт бүрэн хэрэгжээгүй. 18-35 насны 254 хүн, 36-74 насны 186 хүн газар авсан дүгнэлт гарсан.
-Газрын мэдээллийн санд нэг хүний регистрийн дугаар дээр 136 хүний нэр бичигдсэн байна.
Газрын сонсголыг нийслэлийн хэмжээнд биш улсын хэмжээнд зохион байгуулах ёстой”гэж мэдэгдлээ.