Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2024.05.08/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн “Үндэсний орон сууцны санхүүжилтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Ирэх долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд орон сууцны зээлийг зөвхөн ипотекийн зээлийн санхүүжилтээр хийж ирсэн.
Харин одоо орон сууцны санхүүжилтийн хүрээнд төрийн орон сууцны корпораци түрээсийн орон сууцыг захиалгаар барина. Тэр байраа иргэдэд зээлэх шинэ хэлбэрийг оруулж ирж байна.
Ипотекийн зээл авч байгаа иргэд ихэвчлэн орлогын боломжтой. Судалгаагаар сарын орлого нь 2.1 саяас дээш айлууд ихэвчлэн ипотекийн зээлд хамрагдсан байна.
2 саяас доош орлоготой иргэд орон сууцны зээлэнд хамрагдаагүй гэсэн үг. Бид 2013 оноос хойш 7.6 их наядын 104,000 зээлдэгчид орон сууцны зээл олгосон. Энэ иргэдийн сарын орлого нь хоёр саяас дээш орлоготой гэсэн үг.
Харин одоогийн үндэсний орон сууцны тухай бодлогоор хоёр саяас бага орлоготой, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүлүүдэд зориулсан орон сууцны хангамжийн асуудлыг шийднэ.
Өөрөөр хэлбэл төрийн орон сууцны корпораци хамгийн хямд үнэлгээтэй орон сууцнуудыг захиалгаар бариулаад, бага орлоготой иргэдэдээ нийлүүлнэ. Эдгээр иргэдэд магадгүй 20 жилээр ч юм уу орон сууцаа зээлчихнэ. Эсвэл түрээслүүлж болно.
Нийслэлд 216,989 өрх гэр хорооллын бүсэд амьдарч байна. Эдгээр өрхийн ихэнх нь орлого бага, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Тиймээс энэ өрхүүд маань цаашид орон сууцны санхүүжилтийн зээлд хамрагддаг болно.
Бидний тооцож байгаагаар орон сууцны мкв ийн үнэ 2 сая гаруй байгаа бол энэ орон сууцуудынх 2 сая орчим байх юм. Ингэснээр даруй нэг саяар буурах бүрэн боломжтой. Үүнээс доош буулгах ч боломжийг бид эрэлхийлнэ. Харин орон сууцны талбайн хэмжээ бага байна.
Энэ жил 100 тэрбум төгрөгөөр найман айлын орон сууцыг инженерийн дэд бүтэцгүй 100-аад суманд төрийн албан хаагчдад зориулан барьж өгнө” гэлээ.