Бокс: Олимпын эрхийн тэмцээнд 12 тамирчин өрсөлдөнө

Тайланд улсад боксын “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин өрсөлдөнө.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Г.Ган-Эрдэнэ, 57 кг-д Х.Энх-Амар, 63.5 кг-д гавьяат тамирчин Э.Цэндбаатар, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 80 кг-д Г.Далай, 92 кг-д Н.Отгонболд, +92 Х.Бекнур нар тулалдах бол эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд М.Энхжаргал, 57 кг-д Т.Болортуул, 60 кг-д М.Намуун, 66 кг-д Г.Бадмаараг, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар өрсөлдөхөөр өнөөдөр Тайланд улсыг зорив.

Манай улс боксын төрөлд одоогоор олимпын ганц эрх авсан нь эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн юм. Монголын боксын баг тамирчид 1972 оны Мюнхений олимпын наадамд долоон тамирчнаа илгээж байсан бөгөөд түүнээс хойш манай улсын ширэн бээлийтнүүд олимпын 10 наадамд оролцож буй билээ. Зуны олимпын наадмаас Монголын долоон тамирчин медаль хүртсэн ба анх 1988 оны Сөүлийн олимпоос гавьяат тамирчин Н.Энхбат хүрэл, “Барселона-1992” олимпоос гавьяат тамирчин Н.Баярсайхан хүрэл, “Бээжин-2008” олимпоос Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө, “Лондон-2012” олимпоос гавьяат тамирчин Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл, “Рио-2016” олимпоос гавьяат тамирчин Д.Отгондалай хүрэл медаль хүртэж байв.

Санал болгох мэдээ

Нийслэлд энэ онд аялал жуулчлалын 19 арга хэмжээ зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхжээ

​Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог …