Хүүхдийн зуслангийн ажилчдын үндэсний зөвлөгөөн эхэллээ

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан “Хүүхдийн хөгжлийн төлөөх нийгмийн хариуцлага” сэдэвт Хүүхдийн зуслангийн ажилчдын үндэсний зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.

Үндэсний зөвлөгөөнд 51 хүүхдийн зуслангийн удирдлага, арга зүйч, бүлгийн удирдагч багш нар, олон улсын сургагч багш нар, олон улсын хүүхдийн зуслангийн ажилтнууд оролцож байна.

Энэхүү зөвлөгөөнд хамрагдсанаар:

-Хүүхдийн хөгжлийн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого,

-Зуслангийн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлууд

-Зуслангийн үйл ажиллагааны шинэ мэдлэг мэдээлэл, ирээдүйн чиг хандлага

-Олон улсын болон бус нутгийн шилдэг туршлагуудаас суралцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.

Зөвлөгөөнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, Монголын үндэсний зуслангуудын холбоо, Монголын скаутын холбоо хамтран зохион байгуулж байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газрын дарга Т.Ихтамир:Хүүхдийн эрхийн тухай хууль, Монгол Улсын Алсын хараа-2050 урт хугацааны бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Хүүхэд хөгжих эрхээ эдлэхэд төрийн бодлогоор дэмжих, тэдний  амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, клубт хамрагдах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх хөгжлийн үйлчилгээг хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.

Монгол Улсын хүн амын 1.2 сая нь 0-18 насны хүүхдүүд байгаагаас зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдах насны 680,000 гаруй хүүхдүүд байдаг. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 55 зуслан үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 2023 оны байдлаар 43 зуслан идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж, нийт 73,964 хүүхэд хамрагдсан байна.

Зуслангийн хөгжлийн хөтөлбөрт 2021-2023 онд төрийн дэмжлэгтэйгээр 3000 гаруй хүүхдийг үнэ төлбөргүй хамруулсан бол энэ жил буюу 2024 онд бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт сум, баг, хорооны хүүхдүүдийг тэгш хамруулах, хамрагдалтыг анхан шатны нэгж рүү чиглүүлж, үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр 10,000 хүүхдийг зуслангийн хөгжлийн хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна.

Цаашид Хүүхдийн зуслангийн хүний нөөцийн бодлого, хөрөнгө оруулалтын асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхэд түлхүү анхаарч ажиллана.

 

 

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн тамга тэмдэг, албан маягтыг хуурамчаар үйлдэж бусдыг залилсан 9 тохиолдол цагдаад бүртгэгджээ

Энэ оны эхний 5 сарын байдлаар “Эрдэнэс таван толгой” компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ …