Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, зураач Э.Цолмонбатын “Байгалийн гоо үзэсгэлэн” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Кемпински Хаан Палас зочид буудалд амжилттай нээлтээ хийлээ. Алтай таван богд групп зураач Э.Цолмонбаттай хамтарч энэхүү үзэсгэлэнг зохион байгуулав.
Зураач Э.Цолмонбат өнгөрсөн жилүүдэд эх орныхоо үзэсгэлэнт байгальтай газруудад аялал хийж, жижиг хэмжээний судалбар зургууд, мөн Францын алдарт зураач Клод Монегийн амьдарч байсан Парисын ойролцоох Живерне тосгон, өмнө зүгийн Монпелье хотуудаар аялж, гайхамшигт бүтээлүүдээ зуржээ.
2022 оны тавдугаар сард ХБНГУ-н Бюдельсдорф хотноо жил бүр Олон улсын уран бүтээлчдийг хамран зохион байгуулагддаг Норд – Арт үзэсгэлэнд зургаан том хэмжээний бүтээл толилуулан, өнгө будаг, зурах арга барилаар ялгаран олны анхаарлыг татаж амжилттай оролцжээ. БНФУ-н продюсер, уран зураач, куратор Харри Роүзмэн зураачийн уран зургуудын талаар “Уран зураач Э.Цолмонбатын бүтээлүүд импрессионист урсгал чиглэлд өөрийн хурц өнгө, хүчтэй бичлэгээр шинэ үзэгдэл болж байна. Түүнээс илэрч буй энэ хүч хаанаас өгөгдөж байгааг судлах цаг хугацаа хэрэгтэй. Изм болгонд гүйцэтгэл сайтай зурдаг зураач анх олж харлаа” хэмээн сэтгэгдлээ хэлжээ.
Зураачийн уран бүтээлийн онцлогийн талаар “Би байгальд тусаж буй нарны тусгал өглөөнөөс орой болтол шилжин өөрчлөгдөж байгааг мэдэрч, уран бүтээлдээ тусгадаг импрессионист уран бүтээлч юм. Байгалийн үзэгдэл болох нарны гэрэл, сарны гэрэл, бүрхэг үүлэрхэг манантай, салхитай, бороотой, цастай гэх мэт онцлогуудыг уран бүтээлдээ тусган зурдаг. Үүрийн гэгээний туяаг хүйтэн өнгөнд, зуны шөнийн сэрүүхэн хоносон тал нутагт үүрийн гэгээнээр нар гийн туссан ч зэврүүхэн хоносон нутагт хүйтэн колоритын гэрэл тусгаж манддаг, өглөөний нар, үдээс өмнийн нар, үдийн нар, үдээс хойших нар, оройн нар , нар шингэх агшин зэргийг дулаан өнгөн дээр зурж байна.
Мөн өдөржин чанх дээрээс тусан халуу дүүгүүлсэн нар гудайхад, агаарын хэм халуун болж оройн нар дулаан өнгийн улбар шар колоритоор байгаль орчинд тусч байгаа онцлог ялгааг миний бүтээлээс анзаарч болно. Цаашид судалбар уран зургийн аяллыг гадаадын орнуудад хийхээр төлөвлөж байна. Уран зурагт шинэ технологиудыг туршиж, үргэлж эрэл хайгуул хийн, өнгө болон өнгийн тус бүрийн шинж чанар, сэтгэлгээнд нөлөөлөх хүч зэргийг судалж уран бүтээлдээ тусгаж байна.” гэж тайлбарласан юм.
Тэрбээр Монгол орны говь, хангай, хээрийн бүсийн онцлогт тохируулан аялалдаа бэлдэж, 33 говийн судалгаа , 33 хөхий, Сарьдаг өндөр хайрхадыг зурахаар төлөвлөжээ.
Монгол орон болоод Европын Австри, Герман, Франц улсуудаар аялан тэмдэглэл хийж, олон уран зураг, бүтээлүүдээ зурсан байна.
Зураач Э.Цолмонбат:Миний уран зургуудын санаа байгалийн үзэсгэлэнт байдлаас үүсдэг. Байнгын аялал, эрэл хайгуул хийдэг. Монгол улс Өмнөговь аймаг Ёлын хавцал үзэсгэлэнт газарт байгалийн тогтоц оршин байдаг. Тэр хавцал өглөө, өдөр, орой цаг минут болгонд өнгөө хувирган өөрчлөгддөг. Байгаль өөрөө нарны гэрлийн тусгалаар хийсвэр сэтгэлгээнд хувирч чаддаг. Дахин давтагдашгүй өнгө будгийг найруулан хаашаа ч харсан хийсвэр орон зайд ордог. Байгальд аялан зурахад маш хурц өнгө, хүчтэй тод бичлэг үүсгэдэг. Байгалиас өгч буй мэдрэмж , түүний гэрэлт орон зайд ганцаар эзэгнэн байгаа маань аз жаргал юм. Байгальд зураг зурахад цаг хугацаа маш хурдан өнгөрдөг. Аяллын үр дүнд олон сайхан уран зургууд зурсан. Байгалийн олон сайхан үзэгдэл дунд янз бүрийн сэтгэгдлүүд төрдөг.
Б.БАЯРМАА