Нийгмийн түргэн тусламжийн “эмч”

Эрчүүд давамгайлсан, эмэгтэй хүнээр удирдуулах талаар өмнө нь хэн ч төсөөлж, ил биш ч гэлээ чанадын чанаддаа хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоог хоёр жилийн өмнөөс нэгэн гялалзсан бүсгүй удирдаж эхэлсэн нь Дуйнаахүүгийн Долгор! Ихэнх тохиолдолд хүн өөрөө амьдралынхаа замыг сонгодог бол энэ удаад Долгорыг зам нь өөрөө сонгосон юм шиг санагддаг. Тэр сонгогдсон! Түүний алдаа, оноо бүрээс Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажил хөдөлмөр эрхэлж яваа 80 мянган ҮЭ-ийн гишүүний, цаашлаад 80 мянган айл өрхийн амьдралын чанар шалтгаалж байгаа болохоор тэр одоо нэгэнт зогсох эрхгүй болжээ! Тиймдээ ч, зогсолтгүй урагшилж явна…

Ажлын анхны гараа

Долгор аравдугаар ангиа 1998 онд төгсөөд, МУИС-ийн СЭЗДС-д шалгалт өгөөд тэнцсэнгүй. “Ирэх жил ахиад зөвхөн санхүүд л өгнө” гээд нэг жил сургуульгүй өнжив.

Тэр хооронд нэг жижигхэн нарийн боовны цехэд ажилд оржээ. Цех ганцхан ажилчинтай, тэр нь Долгор. Тэнд хагас жил ажиллахдаа өдөр бүр 22 кг хүйтэн гурилыг 2 литр хүйтэн ус, 2 литр хүйтэн ургамлын тосоор зуурч, зуурмагаа амраагаад, элдэж, гөөхийний хэвэнд хэвлэж, шарж, тус бүр 10 ширхэгээр боож савлах шат дамжлагуудыг бүгдийг гар ажиллагаагаар хийгээд хөлсөнд нь 600 төгрөг авдаг байв. Энэ нь, 10 ширхэгээр савласан нэг уут гөөхийний л үнэ байлаа.

Өвлийн хүйтэнд гаднаас оруулж ирсэн цэв хүйтэн гурил зуурч, 10 хуруугаа арвайж сарвайтал ажиллахдаа тэр “За, би сурахгүй л бол дөрвөн мөчөөрөө ингэж хоолоо олж идэх хүн биш юм байна. Хөдөлмөрчин хүн ингэж хөдөлмөрөө шулуулдаг юм байна. Эзэн хүн ингэж баян байдаг юм байна” хэмээн яс махандаа шингэтэл ойлгож авчээ.

Хувь тавилангийн сонголт

Ирэх намар нь тэр Хөдөлмөрийн дээд сургуульд элсэн суралцав. Гуравдугаар дамжаанд байхдаа доктор, профессор Л.Лханям багшийнхаа зөвлөснөөр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ба дундаж цалингийн урвуу хамаарлын талаар судалгаа хийж, нэгэн эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцүүлээд III байр эзлэв. Л.Лханям багш нь “За, сайн байна. Яваандаа ажил олгогч, төр, ажилтны төлөөлөл нийгмийн түншлэлийн хүрээнд хамтын гэрээ хэлэлцээр байгуулж, цалин хөлс, нийгмийн асуудлаа шийддэг тогтолцоонд шилжинэ.

Саяхнаас МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн, одоо хэлэлцээр байгуулаад явж байна. Чи эднийхийг нэг сонирхоод үз. Тэгээд дадлагын ажлаа төр, салбар, аж ахуйн нэгж байгууллагын түвшинд хийж дипломоо бич” хэмээн дахин үүрэгдэв. Долгор үндэсний түвшинд Хөдөлмөрийн яаман дээр, салбарын түвшинд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо дээр, аж ахуйн нэгж байгууллагын түвшинд “Атар өргөө” компани дээр дадлага хийж, 2003 оны хавар сургуулиа төгсөхдөө “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд” сэдвээр дипломоо хамгаалжээ.

Гэтэл МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ч.Балжинням түүнийг дуудаж, дипломыг нь үзчихээд “Чи манайд ажилд орох уу? Долоо хоног амарчихаад ажилдаа орж болно. Ажлын байр бэлэн” гэв. “Үгүй ээ, би төрийн албан хаагчийн шалгалт өгөөд Хөдөлмөрийн яаманд ажилд орох бодолтой байгаа” гэхэд нь “Үйлдвэрчний эвлэл бол хүний төлөө ажилладаг сайхан байгууллага. Чи надад ингэж яарч хариу хэлэх хэрэггүй. Ар гэрийнхэнтэйгээ зөвлөөд эргээд яриарай” гэжээ.

Багш болон аав, ээждээ очоод энэ тухай хэлэхэд “Хүний төлөө ажиллаж, ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлнэ гэдэг сайхан хэрэг. Хүмүүс ажлын байргүй, ажил хайгаад явж байхад чамд ажлын санал ирчихлээ. Чи юу мэддэг, чаддаг гэж ажил голох юм бэ, ор, ор” гэснээр түүний хувь заяа ҮЭ-ийн байгууллагатай эргэлт буцалтгүй холбогджээ.

Анхны томилолт

Долгор МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоонд зохион байгуулагчаар ороод гурван сар болсны дараа анхны томилолтоо авав. “Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон байгууллага байгуулах эрхийг хамгаалах тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87 дугаар конвенц”-ийн хэрэгжилтийг судлах ажлаар НҮБ-ын Хүн амын хөгжлийн сангийн төслөөр ХЭҮК-ынхонтой хамт Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Булган, Төв аймгийн нутгуудаар 14 хоног явж ажиллав.

“Алт” хөтөлбөр ид хэрэгжиж, шороон ордуудад “нинжа” нар хэрхэн гар аргаар алт олборлон амьдралаа залгуулж буй бодит дүр зургийг харж, хамгийн гол нь оюутны ширээнээс дөнгөж ажлын байранд гарсан Долгор өөрийгөө энгийн хөдөлмөрчин хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын төлөө хэчнээн чухал, үнэ цэнтэй ажил хийж яваагаа гүнээ ухамсарласан юм.

Улирлын чанартай ажилладаг, ус хөлдмөгц үйл ажиллагаа нь зогсдог шороон ордуудад хүмүүс хэдэн сараар ээлжгүй ажиллаад намар буудаг, зуны гурван сардаа л ахиухан ажиллаж хөлс авах нь чухал болохоос уурхайн талбай дээр эрх ашгаа хамгаалах тухай төсөөлөх ч үгүй байгааг Долгор анзаарав.

Тиймээс, ажилчин хүн өөрийгөө хамгаалах талаар мэдлэгтэй байх ёстойг, тогтвортой ажлын байр гэдэг өнөөдрийн цалин хөлснөөс ч илүү чухал болохыг, шөнийн ээлжинд, хэвийн бус орчинд олон цагаар урт удаан хугацаанд ажиллах нь эрүүл мэндэд нөхөн сэргээгдэшгүй хор уршигтайг, ажилчин хүмүүс эвлэлдэн нэгдэж ҮЭ-ийн байгууллагаар дамжуулан эрх ашгаа хамгаалж болдог гэдгийг тэдэнд ойлгуулахыг асар ихээр хүсч, анхны тэр л томилолтоосоо хойш яг энэ л чиглэлээр, энэ л салбартаа өнөөдрийг хүртэл 21 жил тууштай ажиллаж ирсэн юм.

Үйлдвэрчний эвлэл түүнийг хэрхэн хөгжүүлэв?

Долгор

Ажлын байран дээр угтан авсан анхны дарга нь түүнд баахан ном өгөөд “Маш их юм уншаарай. Хамгийн түрүүнд ирээд, хамгийн сүүлд явж байгаарай” гэж захисан нь өнөө ч сэтгэлд нь тод үлджээ.

Долгор ажилдаа дурлаж, ажлын байран дээрээ өсч дэвжихийг хичээн, их ч уншиж, ХДС-даа магистрын зэрэг хамгаалж, “Зориг” сангийн “Залуу лидер” тэтгэлэгт хөтөлбөрт ч хамрагдав.

Эхний 10 жилдээ салбарынхаа Залуучуудын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж, ҮЭ-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл түгээн, гишүүнчлэл нэмэгдүүлэх ажилд түүчээлж ажиллажээ. Тэрбээр 13 жил зохион байгуулагчаар ажиллаад, 2016 онд Эрчим хүчний салбараа хариуцсан нарийн бичгийн даргаар сонгогдож, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргыг хариуцсан ажил үүрэгтэй холбоотой шийдвэр гаргахад тоон мэдээлэл, судалгаагаар хангаж, хууль эрх зүй болоод бичиг баримтын хүрээнд бодлогын шийдвэр гаргах түвшинд ажиллаж иржээ.

Үүний сацуу 2016-2019 онд Отгонтэнгэр их сургуульд эрх зүйчээр суралцав. Учир нь, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд байнга л хууль зөрчсөн явдалтай тулгардаг, мөн хуулийг сурталчилж, хөдөлмөрчдийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлж ажилладаг учраас хуулийн мэдлэг зайлшгүй шаардагдаж байлаа.

Бүдрэх учиргүй босго…

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга Х.Буянжаргал МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар дэвшин ажиллах болсон тул 2022 оны гуравдугаар сарын 17-нд салбарын холбооны даргыг сонгох ээлжит бус сонгууль явагдсан юм.

Яагаад ч юм, Долгор энэ албан тушаалд өрсөлдөх тухай огт бодоогүй явж байтал “цагийн салхи сэвэлзэж”, сонгуульд нэр дэвших хүмүүс аль эртнээс бэлдэж эхэлсэн тухай, тэр ч байтугай өөрийг нь цаашид энэ байгууллагад ажиллуулахгүй тухай гудамжны үгс чих дэлсэж эхлэв. Чухамдаа, амбицтай эрчүүдийн эмэгтэй хүнийг үл тоомсорлосон энэ л хандлага түүний шарыг хөдөлгөж орхисон юм.

Тэрбээр “Үнэхээр миний үйлдвэрчний эвлэлийн ажил энэ хүрээд дуусч байгаа юм бол, би өөрийнхөө хэн байсныг, миний үнэт зүйл юу болохыг, өнгөрсөн хугацаанд би юунд зорьж, яаж ажиллаж, юу хийж бүтээснээ тэр хурлын индэр дээрээс танилцуулчихаад бууя. Ийм олон жил ҮЭ-ийн сонгуульт ажил хийчихээд, бас гуравдугаар сарын 8-нд буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр төрсөн атал, эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын 23-хан хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийгээ төлөөлөөд, надад дүрмээр олгогдсон нэр дэвших эрх, өрсөлдөх боломж байхад нээрэн би яагаад тэр тавцан дээр зогсож болохгүй гэж?! Хэзээ ч эмэгтэй хүн өрсөлдөж байгаагүй энэ салбарт ядаж нэг эмэгтэй хүн нэр дэвшсэн гэдэг түүх үлдээе” хэмээн өөрийгөө зоригжуулав.

Сонгууль дөхөх тусам түүнийг нэрээ татахыг ятгах нь олширч, янз бүрийн байдлаар дарамт ирж байсан ч нэрээ татсангүй. Энэ албан тушаалд нэр дэвшсэн дөрвөн хүнээс ганц эмэгтэй нь Долгор байлаа. Шулуухан хэлэхэд түүнд сонгогдох ямар ч найдвар байгаагүй, тийм хүлээлт ч байсангүй. Учир нь, Долгор холбооныхоо ажлын албанаас нэр дэвшсэн болохоор анхан шатны хороодын дарга нар шиг авчраад дэмжүүлэх гишүүд ч байсангүй. Тиймээс тэр гагцхүү шударга байхыг л хүссэн юм.

Магадгүй, энэ л чанарынх нь төлөө, басхүү ҮЭ-д тууштай ажилласан олон жилийнх нь хөдөлмөр зүтгэлийг, эрх зүйн мэдлэгийг нь үнэлж Бага хурлын төлөөлөгчдийн 56,9 хувь нь түүнийг дэмжиж, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргаар сонгосон биз ээ!

Өгсүүр замын бартаа

Долгор

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны даргаар сонгогдсон эхний жилдээ тэр асар олон сорилттой тулгарч, удирдах албан тушаалд дийлэнх нь эрчүүд байдаг энэ л салбарт хүлээн зөвшөөрөгдөх эсэхээ сорьсон гэхэд болно. Яагаад гэвэл, энэ л хүрээлэл дунд хүндлэл хүлээж, мэдлэг, хандлагаараа хүлээн зөвшөөрөгдөж байж, ҮЭ-ийн байр суурийг илүү үнэ цэнтэй болгох байлаа.

Түүний сонгогдохтой зэрэгцэн Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хууль батлагдаж, МХЕГ татан буугдаж, Нийгмийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж, үүнийг дагаад өөрчлөгдсөн бүхий л дүрэм журмуудад ажилчин ангийн, уурхайчдын, эрчим хүчнийхний саналыг тусгуулах ажилд ихээхэн анхаарч, энгийн хөдөлмөрчин хүний эрх ашгийг зөрчигдөхөөс нь өмнө сэргийлж, бодлогын түвшинд чармайн ажиллав.

Шинээр сонгогдсон эмэгтэй даргаа үл хүлээн зөвшөөрсөн зарим хороодын дарга нар 2022 онд МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос таван том хороог салгаж, гишүүдийнхээ зөвшөөрөлгүйгээр тамга тэмдгээ ашиглан дүрмийн бусаар ҮЭ-ийн холбоо байгуулснаар татварын орлого нь 100 гаруй сая төгрөгөөр тасалдав.

Энэ мэт үйл явдлыг бусад хороодын дарга нар, гишүүд бас харж байгаа учраас Долгор ирээдүйд зорьж буй, хийж буй ажлаа ойлгуулах, анхан шатны хороодынхоо гишүүдийн хандлага, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч ажиллажээ.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос салсан дээрх таван хорооны гишүүд өдгөө холбоондоо эргэн хандаж “Энэ бол хамтын шийдвэр биш байсан. Бид хохирох гээд байна. Ёс зүйгүй ажиллаж байгаа удирдлагуудаа бид шалгуулъя. Бид танайхаас гараагүй хэвээрээ биз дээ? Манайд ирж мэдээллээ өгнө үү” хэмээн хандаж эхэлсэн нь түүний ажлын бодит үр дүн юм.

Мэдээж, МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос энэхүү 3000 гаруй гишүүний гишүүнчлэлийн асуудлыг түр түдгэлзүүлээд, 2024 ондоо багтааж зохион байгуулалтыг цэгцлэх зорилго тавин, үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

Аав…

ДолгорДолгорын аав Ж.Дуйнаахүү цахилгаанчин, гагнуурчин хүн байв. Техник мэргэжлийн сургууль төгсөөд 16-тайгаасаа хөдөлмөр эрхэлж, эрчим хүчний салбарт цахилгаанчнаас ерөнхий инженер хүртлээ дэвшин ажиллажээ.

Аав нь үндсэн ажлынхаа хажуугаар захиалгын ажил хийж, хүүхдүүдийнхээ нэр дээр хуримтлал үүсгэж, хүмүүс саятан болно гэж мөрөөддөг байх үед тэднийх 800 мянган төгрөгийн хадгаламжтай айл байлаа.

Гэвч мэргэжлээс шалтгаалах уушгины силикозоор өвдөн хөдөлмөрийн чадвараа алдсан учир групп тогтоолгож, үндсэн ажилгүй, цалин орлогогүй болмогц тэр айлын амьдрал уруудаад эхэлжээ. Групп тогтоолгоод хувийн том автобус худалдан авч, өөрөө жолооч мэргэжилгүй учир жолооч цалинжуулан шугамд явсан ч байсхийгээд л автобус нь эвдэрч засвар хийлгэсээр сүүлдээ өрөнд орж, I хорооллын хоёр өрөө байраа зараад гэр хороололд очсон аж. Уушгины силикоз нь сүүлдээ сүрьеэ болж хүндрэв. Гэтэл сүрьеэ болонгуут үүнийг нь “энгийн өвчлөл” гэж үзээд группийнх нь мөнгийг бүр багасгачихжээ.

Ямагт байгууллагынхаа хүндэт самбарт зураг нь тавигддаг байсан хүн энэ бүхнээс болж сэтгэлээр их унаж, бие нь ч их өвдөж, 53-хан насандаа орчлонгоос буцсан аж…

Иймэрхүү жишээ ганцхан Долгорын аавд биш, Монголын мянга мянган энгийн хөдөлмөрчин иргэдэд тохиолдсоор ирсэн нь харамсалтай.

Дүү…

Тэр аавыгаа 2009 онд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр, төрсөн дүүгээ 2018 онд үйлдвэрлэлийн ослоор харамсалтайгаар алдсан…

Долгор

Эгчийгээ хоёр хүүхэдтэй нь эмнэлэгт хэвтүүлж өгчихөөд “Дүү нь ажилдаа яваад ирье” гээд гарсан энхэрхэн дүүтэйгээ ахиад хэзээ ч уулзахгүйгээ Долгор мэдээгүй…

Түүний бага дүү Өмнөговьд нүүрс тээвэрт явдаг байсан юм. Цагаан хадны боомт руу том тэргээр нүүрс тээвэрлэдэг жолооч нарын амь нас, аюулгүй байдлын тухай асуудал олон жил яригдсаар ирсэн. Жолооч нар өвлийн хүйтэнд кабиндаа дулаахан явахын тулд нэмэлтээр кабин халаагч ашигладаг. Яг энэ л халаагчаас үүдэлтэйгээр, тодруулбал, ажлын байранд ХАБЭА-н шаардлага хангагдаагүйгээс уг аймшигт осол болсон билээ…

Дүү нь 2018 оны 11 дүгээр сарын 9-10-нд шилжих шөнө нүүрс ачсан авто машинуудын урт цуваан дунд очерлож байхдаа кабин халаагчаа асаагаад, жаахан дулаацмагц ядарсан нүд нь анилдан, кабин халаагчаа салгалгүй унтчихсан. Гэтэл кабин халаагч халсаар байгаад, банктай ойрхон байсан болохоор банк нь дэлбэрчихсэн… Хэргийн дүгнэлт ингэж гарсан…

Анхны тусламж дуудсан хүнтэй нь холбогдоход “Шөнө машиных нь кабины хаалгыг нүдэхээр нь хартал нэг хүнээс гал дүрэлзэж байсан, маш их айсан. Тэгээд машиндаа оруулаад орны бүтээлгээр хучсан, бүх хувцас нь түлэгдчихсэн байсан” гэж хэлжээ. Шөнийн 2:00 цагийн үед уг осол гараад, сумын түргэний тэрэг өглөө нь очиж авахад бүх бие нь 93 хувийн III, IV зэргийн түлэгдэлттэй, ухаангүй, амьтай голтой төдий байв. Оюу толгой төслийн SOS эмнэлэгт өөрсдийн унаагаар хүргэн бүтэн таван цаг боолтод ороод, маш хүнд байсан тул ар гэрийнхэн нь түүнийг онгоцоор хот руу яаралтай авчруулжээ.

Мөнгөлөг цаасаар битүү ороолттой, зөвхөн хамар нь ил гарсан дүүгээ хараад Долгор таниагүй. Учир нь, дүүгийнх нь хөлийн улнаас эхлээд бүх бие нь 93 хувийн түлэгдэлттэй, арьсны бүх давхарга, судас шөрмөсөө нэвтлээд ясандаа тултал гүн түлэгдсэн, цавь, суганаас нь өөр эрүүл газар үлдээгүй байсан юм…

Дүү нь ирээд арьс нөхөх хагалгаанд нэг удаа орсон ч ердөө 4-хөн хоног л амьд байсан…

Одоо Долгор халуун зүйлд хүрэх болгондоо цочиж, “Миний дүүгийн бүх бие нь тэр аймшигтай өвдөлтийг яаж мэдэрч байсан бол…” гэж энэлдэг…

Энэхүү харамсалтай хэрэг Өмнөговьд нүүрс тээвэрт явж, кабин халаагчаас үүдэлтэйгээр түлэгдэж гэмтсэн өчнөөн хүмүүсийн нэг л жишээ юм.

Цагаан хадны боомт руу явдаг 200 орчим км замд том тэргээр нүүрс тээвэрлэж яваа жолооч нар одоо ч гэсэн замын түгжрэлд, хэзээ очих нь тодорхойгүй очерлоод л явж байдаг, тэдэнд амрах цаг байхгүй, амралтын байр байхгүй.

Хэрэв, нүүрс тээврийн жолооч нарт ядаж л амралтын байрыг нь шийдээд өгчих юм бол шөнө кабиндаа халаагч залгаж түр амрахгүй, амралтын байрандаа ороод л тухтай амардаг байхсан…

Өнгөрсөн жилүүдэд Долгор түлэгдсэн хүмүүст тусламж үзүүлэх талаар байнга бодож, мөнгө төгрөг хандивлаж байсан ч “Мөнгө бол нэг удаагийнх, бас байнга өгөөд байх боломжгүй” гэдгийг ойлгосон юм. Эцэст нь, өөрийнхөө ажил мэргэжилтэй холбогдуулан, хандлага өөрчлөх, мэдлэг олгох, аюулгүй ажиллах зан үйлийг төлөвшүүлэх, анхны тусламж үзүүлэх чадвартай болгох чиглэлээр тогтмол сургалт явуулснаар хүмүүсийг ослоос сэргийлж болох юм байна, энэ нь ямар ч мөнгөөр үнэлэхээргүй хувь нэмэр юм байна хэмээн бодох болж, үүнийгээ ажил хэрэг болгож эхэлсэн билээ.

“Би ҮЭ-ийн сонгуультан хүн байж хайртай хүнээ алдчихаад хамгаалж чадахгүй явахдаа, жил бүрийн дөрөвдүгээр сард ХАБЭА-н сарын аян өрнөхөд, үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн хүмүүст би зүгээр л хоосон хүндэтгэл үзүүлээд өнгөрдөг байснаа ойлгосон. Дүүгээ алдсанаас хойш “Зовлон гэдэг ийм хэцүү байдаг юм байна. Зовлон үзсэн хүн л үүнийг ойлгох юм байна.

Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг зүгээр л хоосон хүндэтгээд өнгөрөх биш, ямар нэгэн бүтээлч ажил, бодит зүйл хийхсэн” гэж хүсэх болсон. Миний хайртай хоёр хүн миний үнэт зүйл төлөвшихөд нөлөөлсөн. Тиймээс, энэ ажлынхаа төлөө чадахаасаа чадахгүйгээ хүртэл шударга үнэнчээр зүтгэхээ би аав, дүү хоёртоо дотроо амласан” хэмээн тэр өгүүлсэн юм.

Юугаар ч хэмжишгүй үнэ цэн…

ҮЭ-ийн байгууллагад хандаж байгаа хүмүүсийн дийлэнхэд нь асуудал тулгарсан, зовж зүдэрсэн, хохирсон, тусламж хэрэгтэй болсон хүмүүс байдаг. Эрүүл мэндийн байгууллагаар бол яаралтай түргэн тусламжийн газар л гэсэн үг. Бас гишүүдийн өнөөдөр өгч байгаа татвар ирээдүйд тулгарах эрсдэлээс өөрсдийг нь хамгаалдаг гэдэг утгаар даатгалын байгууллагатай ч зүйрлэж болмоор.

Долгор ажлаараа бахархдаг, ажлаасаа авч байгаа сэтгэлийн таашаал, амар амгалан, сайн үйлийн үрийг юугаар ч хэмжишгүй үнэ цэнтэй гэж үздэг. Хамтын хэлэлцээрт түүний тусгуулсан ганц чухал заалт л гэхэд эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын 80 мянган хүнд үр өгөөж нь болж очдог гэхээр бахархахгүй байхын ч аргагүй юм.

Тэрбээр “Мөнгөөр хэмжигддэггүй зүйл ҮЭ-д асар их бий. Тийм үнэт зүйлтэй, хүний төлөө байж чадах сэтгэл зүрхтэй, ёс журамтай, шударга хүн л ҮЭ-ийн ажлыг хийх ёстой гэж би боддог. Олон мянган гишүүдийн амьдралын чанартай холбоотой ийм их үнэ цэнтэй ажлыг хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, өөрийнхөө нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор хийж буй хүмүүс энэ салбарыг орхих ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Долгор

Долгор маш олон тогтсон хэм хэмжээг эвдэж чадсан нэгэн. Тэр бол Монголын хүнд аж үйлдвэрийн салбарын ҮЭ-ийн холбооны хамгийн анхны эмэгтэй дарга. Түүнчлэн, хөдөлмөрийн харилцааны суурь хууль тогтоомжууд шинэчлэгдсэн энэ л “алтан үе”-д ирээдүйд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргуулах, тийм заалтуудыг тусгуулах хүрээнд чамгүй амжилттай ажиллаж яваа. Тиймдээ ч “Би Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн төдийгүй МҮЭ-ийн хөгжлийн түүхэнд хамгийн тодоор бичигдсэн эмэгтэй байх болно. Хамгийн гол нь, сахилга бат, хариуцлагын тухай ярьж, хариуцлага тооцуулж чадсан хамгийн анхны эмэгтэй дарга болно гэдэгтээ итгэлтэй байна. Би үйлдвэрчний эвлэлийн түүхэнд тэгж тодоор үлдэнэ!” хэмээн бардамхан өгүүлсэн юм.

Эх сурвалж: neo.mn

Санал болгох мэдээ

Увс аймгийн эрүүл мэндийн байгууллагын 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн “ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” сургалтад хамрагдлаа

ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл …