Говийн тойрогт гороологч голлох горилогчид…

Говийн бүсэд энэ жилийн сонгуулиар ёстой “Алаан” болноо гэж ард иргэд ярьцгааж байна. Говийн бүсийн VII тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшихээр горилж байгаа Монголын бараг “Эзэн” шахуу болчихсон төрд ч түмэнд ч хүчрэгдэхээ больсон Сү.Батболд, Монголын төмөр зам, төмөр хоёрыг мэдэлдээ бүрэн авчихсан Б.Дэлгэрсайхан, тив дамнасан газрын Монголын наймаачин газрын наймааны “эцэг” Б.Наранхүүгийн эгч, баянзүрх дүүргийн тойргоо сольж говийн тойрогт горилогч Б.Саранчимэг, дуулиант нүүрсний хулгайн хэргээс мултарч дөнгөсөн Н.Наранбаатар тэргүүтэй горилогчид дандаа “Монголын” хэмээх тодотголтой топ гарууд горилж яваа бол харин тэдний эсрэг Ардчилсан намаас “Ажнай”-гаар овоглогч Д.Бат-Эрдэнийн хоёр “хуурай” дүү нар болох Р.Сэддорж, Н.Энхбат хэмээгчид…

Цаашлаад Дорноговийн гэгдэх “Нэткапитал”-ийн тэрбумтан Д.Алтангэрэл, Ардчилсан намын даргын “Анд” зөвлөх Г.Ганбаатар, Эрэл-ийн Эх орон намаас улс төрийн гараагаа эхлэгч Р.Эрдэнэбүрэн, Дундговийн “Асуудал”-тай Засаг дарга Ц.Мөнхбат, Говьсүмбэрийн “Түүхий эд”-ийн босс н.Од-Сэр, Өмнөговийн “Уяач” Х.Түмэнбаяр, “Эрэлхэг” Б.Энхмөнх нарын горилогчид удаална.

Дээр нь амь нь хаанаа байнаа гэмээр О.Эрдэнэ-Өрнөх, Д.Сүрэнжав, Ц.Уртнасан нарын нэрс цуварсаар…

Гэтэл эд хэд дээр горилоочдын “Гороо” эхлэх үеэр орж ирсэн “Хатуу самар” хуульч О.Баасанхүү орж ирж, Ардчилсан намын “Бүтэн Ардчилал” аяныг сонирхолтой болгосон.

Түүний дараа цензургүй ярилцлагын Л.Мөнхбаясгалан “Сү.Батболдын нэр дэвшсэн газар халз үзэхээ зарлан тунхаглаж” сэтгүүлчийн ширээнээсээ гэнэтхэн л үсрээд ороод ирлээ.

Дараа нь Дуучин Болд ч гэх шиг ёстой нэг дуусдаггүй яриа гэдэг шиг дуусдаггүй горилооны “Гороо” юмаа…

Уртаашаа ердөө энэ тойрог “7”-хон мандаттайг мэдэж байгаа болов уу? тэд …

МОНГОЛЫН “ЭЗЭН” БОЛЖ, ХҮЧРЭГДЭХЭЭ БОЛЬСОН СҮ.БАТБОЛД

Ардын төрд бүү хэл Америкийн хуулийнханд ч дийлдэхээ больсон Монголын “Эзэн” болтлоо хүчрэгдэхээ байсан “Сү”Батболд гэгч зартай эр энэ удаагийн сонгуульд ахиад л үзнэ гээд гараад ирлээ.

УИХ-д 5 удаа дараалан сонгогдож, 20 жил төрийн ордноос салаагүй мань эр карьер нас хоёр нь хэтэрчээд байхад үзсээр л байхиймаа, гайхалтай.

Одоо болоошдээ. Үхэн хатан үзэхийн цаана үхэж хатахаас дутуугүй эрх ашиг “Нууц” нуугдаж байгаа нь дэндүү ойлгомжтой. Мөнгөөр хэмжээд үзвэл хэдэн тэгтэй тоо гарах бол … 0000000000000000000 …

Ай бүү мэд… Ёстой нөгөө хүрээнийхний нүглийг уудалвал “Далай, далай” гэдэг болох байх даа… Цаашаа ярих уу яах уу? …

МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ, ТӨМӨР ХОЁРЫН “ЭЗЭН” Б.ДЭЛГЭРСАЙХАН

Монголын төмөр замын “Эзэн” л гэнэ. Монголын төмрийн “Эзэн” л гэнэ. Одоо Монгол улсын “Эзэн” болох л энэ сонгуулиар шийдэгдэх байх. Нисдэг тэрэг хөлөглөн ард иргэдийнхээ дээгүүр нисэж яваа энэхүү этгээд үнэхээр Монголын газар шороог вагон вагоноор нь зөөсөөр нэг л мэдэхэд бүхэл бүтэн “Уул” урагшаа зөөгөөд гаргачихсан тухай хүмүүс шагшин шуугин ярих юм. Ёстой “Лүд” юмаа.

Ер нь Монголын “Эзэн” болвол ямаршуу аяг зантай эзэн болохоо харуулсан л даа дээр. Нөгөө Энхмөнх гээд залуугийн шууд хэлчихсэн шударга үйлдэлд зад гишгүүлж байхдаа харуулсан.

Цүнх цүнхээр нь төрийн дээд одон медалиудыг авчраад ширээ ширээгээр нь тарааж байхдаа “баригдаад”, бантсандаа хүн “алах” шахаад бөөн тагнуул туршуул, дарамт сүрдүүлэг гээд тэр муу үнэнийг нь улаан нуур лүү нь хэлчихсэн залуу руу юу юу ч болсийн бүү мэд, тэгээд нам дарагдсан.

Тэр цүнх цүнхээр нь авчирсан төрийн дээд одон медалиудыг харахад эгээ л “Банк” ухаад аваад ирсэн “дээрэм”-ийн эд зүйлсээ ширээн дээр дэлгээд тавьчаад байгаам шиг харагдаж байсан гэдэг.

Ер нь бол бас очих ёстой эзэндээ очиж чадалгүй, шагнах ёстой эзнээ шагнаж чадаагүй төрийн дээд одон медалиуд. Бас л нэг хулгайлагдсан “боломж”-ууд. Ард түмний бас нэг боломжийг хулгайлсан “хулгай”.

Одоо говийн тойрогт горилон “Говьчуудын саналыг хулгайлах”-аар гороолоод явж байна. Гороогоо ч гоё “хөлсөө” дуслуулаад үнэн голоосоо хийчихгүй бидний “мөнгөөр” бидний дээгүүр нисдэг тэрэг хөлөглөөд л бурхангүй газрын “бумба” шиг юмнууд галзуураад явахын…

ГАЗРЫН НАЙМААНЫ “ЭЦЭГ” Б.НАРАНХҮҮГИЙН ЭГЧ Б.САРАНЧИМЭГ

Өнөөдөр Монголын төрд нэг муухай жишиг тогтсон нь энэ Монголын төрийн алтан жолоог атган суух хууль тогтоох дээд байгууллагын цөөхөн хэдэн суудлыг нэг гэр бүлийн хүмүүс өөр хоорондоо яг л “Бөмбөг” дамжуулж байгаа мэт ээлжлэн нэг нэгэндээ өгч авалцаж байгаа нь дэндүү увайгүй харагдах юм. Дээр нь төрийн ордон дотор орж суучаад олон түмний асуудлыг шийдэх биш нөгөө л гэр бүлийнхээ асуудлуудыг нэг бүрчлэн чичрэн чичрэн шийдсээр байгаад дөрвөн жилээ өнгөрөөчихнө.

Тэгээд л дахиад л нэг “Сонгогдчий” гээд хүрээд ирэхийг нь яана. Яг л тэр зургаараа Дундговьчуудыг үргэлж “даапаалж” байдаг “Б.Наранхүү”-ийн эгч болох Б.Саранчимэг өөрийнхөө Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх тойргоо мөлжиж дуусаад Говийн бүсийн тойрог руу нэр дэвшихээр горилоод явж байгаа нь энэ.

Дам сонсвол “Хуучин” тойрогтоо багтах шингэх газаргүй болсон сурагтай. Хоёр сонгогдсон тойргоо “хаяна” гэдэг бол яавч “сайн” төрийн түшээгийн жишээ биш.

Тэгээд одоо говийн бүсэд очиж, говьчуудын толгойг эргүүлж, нутаг ус ард иргэдтэй нь хамт нэг удаа “ашиглах” хэрэгсэл болгоно гээд горилоод явж байгаа нь дэндүү увайгүй бас утгагүй хэрэг биш гэж үү?

ХУВИЙН СУРГУУЛИАС ХУУРАЙ АХЫН ГОЛ НАЙДВАР БОЛСОН Р.СЭДДОРЖ

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн орыг залгахаар явж байгаа Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нь гэж хэн бэ? …Хувийн сургууль төгссөн математикч мэргэжилтэй энэ залуу 2002 онд “Хуурай” ахынхаа “Ажнай корпораци”-ийн Маркетингийн албаны даргаар ажилд орж улмаар Д.Бат-Эрдэнэ ахыгаа УИХ-ын гишүүн болмогц хувийн туслах нь болж дэвшсэн байдаг.

Ахынхаа цүнхийг сайн барьж явсны дүнд 2009 онд “Тавантолгой” ХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал, 2013 оноос “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал зэрэг ажил албуудыг дараалан хашсаар 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдсон намтартай.

Нүүрсний хулгайн хэргээр “явчих”-гүй бол 2024 оны сонгуулиар төрийн ордонд “ах”-ынхаа орыг залгахаар урьд өмнө туслахаар ажиллаж байсан өрөөндөө “гишүүн” болчихсон ирж мэдэх л юм.

Р.Сэддорж өөрийнхөө хүчээр гэхээс илүү “Томчууд”-ын тохироогоор л орж ирэх бай, тэгээд “Ард түмэн”-ий хатуу гар дээр ирнэ дээ…

Н.ЭНХБАТ ГЭГЧ “АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН 3 ДАХЬ ҮЕ МӨН ҮҮ…

Насанбуянгийн Энхбатаа гэж.., Өмнөговь аймагт төрж өссөн тэр Баяндалай сумын уугуул нэгэн бөгөөд өмнөх Р.Сэддорж ахынхаа адил “Том ах”-ынхаа өмнө хойно орж эргэн тойронд нь уйгагүй гүйсээр улмаар 2010 онд Өмнөговь аймгийн Хаан банкны захирлаар, 2020 онд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн Уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болж, өдгөө Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа залуу хүн гэхэд ёстой л албан тушаалыг дүүгүүрдээд дүүгүүрдээд явчдаг нэгэн юм.

Ер нь өргөн зургаар харвал Р.Сэддорж, Н.Энхбат хоёр говийн тойрогт нэг ахын хоёр дүү гэдэг нь дэндүү ойлгомжтой байхад хоёул хоёулаа дөрөө харшуулан тойрч байгаа нь өөрийгөө хоёр хувилж орж ирэх гэсэн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ахын бодлого уу эсвэл нэг нь уналаа ч нөгөө нь заавал гарч “Том” ахыгаа “хамгаалах” зэвсэг болно гэсэн үг үү, ямартаа ч “Нүүрсний хулгай”-н хэргээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж, төрийн индрээс буусан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ ирэх сонгуулийн үр дүн рүү үхэн хатан зүтгэж байгааг юу гэж харж болох вэ?

Сүүлийн үед Н.Энхбат гэгч энэ залуу улс төрд зулай зулайгаа гишгэж гарч ирсэн “Ах” нарынхаа ач буяныг даалгүй “Ар хударга”-аар нь өөрийгөө дөвийлгөн тунч итгэлтэй “Ганцаарчилсан” тоглолт хийж яваа сурагтай. Ах нартаа тэгж байж “Алуулах” вий дээ. Хүний мөсгүй нимгэн сэтгэлтэй ач мэддэггүй араа боддоггүй “бацаан” бололтой шүү…

Ядарсан үед нь “Ах” нараа тийрчий гэж байгаа юм болов уу?…

АДТАЙ ОДТОЙ АЛТАНГЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ?

Бүтэн ардчилал аяныхаа хүрээнд их л идэвхтэй онцгой яваа нэгэн. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Алтангэрэл Дорноговь аймагт төрж өссөн бөгөөд Сайншанд сумынхаа Орос сургуулийг төгсөөд нутгаасаа гарч цааш суралцахаар явсан.

Цэргийн нэгдсэн дээд сургууль төгссөн, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийг төгссөн, мэдээллийн технологи-электроникийн инженер мэргэжилтэй.

Монголдоо ганц импорт орлох хуванцар цонхны бэлдэц болон цэвэр усны хуванцар хоолой үйлдвэрлэгч “Метропласт” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, “Нэткапитал санхүүгийн групп”-ын ТУЗ-ийн дарга энэ Д.Алтангэрэл гэгч нь өмнөх сонгуульд АН-аас нэр дэвшээд нам нэгт нэр дэвшигч Ц.Жадамбаагийн хамтаар МАН-ын Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарт даруулсан.

Ирэх сонгуульд даагаа нэхэхээр дахин горилж, говийн тойргуудаараа адтай одтой яваа сурагтай. Энэ жил ч хөх дэвсгэртэй байгаа улс төрийн нөхцөл байдалд Ардчилсан намын авах 2-3 суудлын нэгийг “азын сугалаа” шиг сугалж мэдэхээр л байгаа улс төрийн “фигур”.

Нөхрийг муулах юм олдохгүй болохоор өрсөлдөгчид нь дүү Д.Сүндийгийнх нь асуудлаар хавсруулан монгол зангаараа муулж харагддаг.

Дорноговийн гэгдэх Д.Алтангэрэлийн удирддаг “Нэткапитал санхүүгийн групп” энэ жил Парист болох Олимпийн дэвжээг мялааж, эх орныхоо багийг дэмжиж, нэг тэрбум төгрөгийн хандив өргөх сурагтай. Ямартаа ч төрөөс төрөөгүй “Нэткапитал”-аас төрсөн тэрбумтан юм даа …

НАМЫН ДАРГЫН НАЙЗ-ЗӨВЛӨХ Г.ГАНБААТАР

Дорноговь-Говьсүмбэрийн нэгдсэн тойрогт 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, жижиг мажоритар тойрог дээр Улсын их хурлын гишүүн Г.Мөнхцэцэгт ялагдаж байсан тэрээр энэ жил АН-ын дарга найз Л.Гантөмөрийнхөө илт дэмжлэгийн доор дахин өрсөлдөхөөр улс төрийн “Ринг”-н дээр гарч ирээд говио тойрон гороолсоор намын нөхөдтэйгөө явна.

Намын нөхөд нь түүнийг “Гори-Ганбаа” буюу өндөр хэмээн цоллодог гэнэ. Ардчилсан намынхаа “Гал тогоо”-г манаж байгаад 2012 онд олонх болохдоо Дорноговь аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн даргын суудалд хүрч байсан. Өндөр хэмээн цоллуулдаг ч Засаг даргаа хоёр ч удаа унагаад авсан “Хар” түүхтэй. Үүнд нь нутгийнхан нь их л дургүй байдаг гэнэ. Өндөр Ганбаа маань тийм ч “Өндөр” нэр хүндтэй эр биш бололтой.

Тэрээр Гэгээн дорно ХХК, Говийн өглөө жуулчны бааз зэргийг нутаг орондоо эзэмшдэг ч өрөөлийг бус “өөрийгөө” л болгодог нэгэн аж …

ЭРЭЛ-ЭЭС ЭХЛЭЛТЭЙ Р.ЭРДЭНЭБҮРЭН

Анх Эрэл-ийн Эрдэнэбатын байгуулсан Эх орон намын гишүүнээр элсэж улс төрийн гараагаа эхэлж байсан шавилхан залуу өдгөө Ардчилсан намын дэд даргаар ажиллаж байна. 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. Их сургуулиа төгсмөгцөө УИХ-ын гишүүн, “Эх орон” намын дарга, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын туслахаар ажиллаж эхэлсэн тэрээр 2004 онд “Азын шоо”-ны нүхээр гарч, түүнд тэр үедээ олдохооргүй байсан Улсын их хурлын гишүүний эрхэм хүндтэй суудалд очиж байлаа.

Цүнх барьсан туслахаас шууд тамга атгасан төрийн түшээ болсон хувь тохиол төрийн түүхэнд Р.Эрдэнэбүрэнгээс өөр тийм ч олон хүнд тохиогоогүй байх шүү. Цаашлаад, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байгаад БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга болж огцом дэвшсэн.

Гэвч 2016 оны дөрөвдүгээр сард АТГ-аас Р.Эрдэнэбүрэнг баривчилсан бөгөөд түүнийг БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэрэгт буруутгагдсан байна.

Үргэлжлүүлэн Р.Эрдэнэбүрэнг яллагдагчаар татаж, бусдаас авлигад авсан нэг тэрбум төгрөгөөрөө Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Ривер гарден” хотхонд зургаан өрөө байр, хоёр автомашины зогсоол худалдаж авсан үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн. Гэвч 2018 онд шүүхээс Р.Эрдэнэбүрэн гэм буруугүй гэж үзэж сулласан байдаг. Улмаар 2015 оны 12-р сард ажлаа өгч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зөвлөх болж байжээ …

ХАТУУ САМАР О.БААСАНХҮҮ ГОВИЙН ТОЙРОГТ ГОРОО ХИЙЖ ЯВНА …

Бие жижигтэй ч тээр жил Монгол улсын гуравдахь Ерөнхийлөгчийг тугийн цохион дээрээс түлхэхэд оймсонд нь өлгөгдөн гарч ирж, бэлчээр томтой гэдгээ харуулж, хэвлэлийн нүүр, телевизийн дэлгэцнээ “тодорч”, тухайн жилийн сонгуульд эрх баригч намыг тэг дундуураа хуваагдаж, хага үсрэхэд “томоохон үүрэг” гүйцэтгэсэн нэгэн.

Тэр ч эрчээрээ эрх баригч намыг сонгуульд ялагдахад ихээхэн нөлөөлсөн гэдэг. Улмаар Монгол ардын хувьсгалт намаас 2012 онд жагсаалтанд багтан сонгогдон өмгөөлөгчөөс “Гишүүн” болон дэвшсэн “алтан” хувь заяатай. Дараа нь жаргал зовлон ээлжилдгийн үлгэрээр “эзэн”-дээ хавчигдан гадуурхагдаж, санаа оноо зөрөлдсөн хэдий ч би бол өлгөгдөж гарч ирсэн “оймсны хүүхэд” биш гэдгээ харуулж, хаа ч явсан ганцаардахгүй хүчтэй гэдгээ мэдрүүлсээр улс төрийн “жинхэнэ” фигур болохоо баталсан.

2016 онд Эрдэнэт хотод “бие даан” өрсөлдөж ялаад л…, ёстой л нэг мэхний хувилбар ихтэй, цацаа цалгиатай нэгэн. Тиймээс ч говийн бүсэд нэр дэвшихээр хамт горилж яваа намынхаа нөхдийн дунд “илүү”-дэж яваа бололтой.

Тэгэхдээ л алдаж магадгүй байсан 7 суудлын нэгийг “баараг”-гүй л аваад ирэхээр “хатуу самар” байж мэдэх л эр дээ…

ГЭНЭТИЙН ЦОХИЛТ БОЛОН ОРЖ ИРСЭН “ЦЕНЗУРГҮЙ”-Н Л.МӨНХБАЯСГАЛАН

Нутаг усандаа ирж тайван амгалан идээшилж, говийн тойргоо гороолсоор явсан “үндсэн” горилогчдыг сандаргаж, говийн улс төрд гэнэтийн цохилт болон орж ирсэн “Цензургүй ярилцлага” нэвтрүүлгийн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан.

Тэрбээр Говийн бүсийн VII тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшихээр горилж байгаа Монголын бараг “Эзэн” шахуу болчихсон төрд ч түмэнд ч хүчрэгдэхээ больсон Сү.Батболд, Монголын төмөр зам, төмөр хоёрыг мэдэлдээ бүрэн авчихсан бас л нэг “Эзэн” нь юм шиг аашилж байгаа Б.Дэлгэрсайхан, тив дамнасан газрын наймаачин, Монголын газрын наймааны “эцэг” Б.Наранхүүгийн эгч Б.Саранчимэг, дуулиант нүүрсний хулгайн хэргээс мултарч дөнгөсөн Н.Наранбаатар нарыг амлан авч, тамлан зовоож, “Нам дарах”-аар ирсэн гэдгээ орон даяар “баавар”-тайгаар зарлан тунхаглаж байгаад ирсэн нэгэн.

Монгол улсын тавдахь Ерөнхийлөгч “Женко” Х.Баттулга ахынхаа “чухал даалгавар”-ыг биелүүлэхээр илгээлт авч говийг зорьж ирсэн гэдэг нь ойлгомжтой. Монголын шилдэг сэтгүүлчдийн нэг энэ эмэгтэй 7 суудлын нэгийг аль хэдийнээ аваад халаасандаа хийчихсэн гэдгийг намын нөхөд нь болон бусад нэр дэвшигчид ойлгох хэрэгтэй.

Энэ бол “шийдэгдсэн” асуудал. Харин одоо энэ “бүсгүй” АН:МАН-ын энэ удаагийн сонгуулийн “алтан харьцаа”-нд хэрхэн өөрчлөлт оруулахыг харах л үлдлээ.

Гэнэтийн цохилт болж говийн тойрогт орж ирсэн “үзэг нэгт” эрхэм нөхөр “үзэсгэлэнт” Л.Мөнхбаясгаландаа сэтгүүлчдийнхээ нэрийн өмнөөс “амжилт” хүсье.

Өөрөө гараад зогсохгүй “нэр цэвэр” өөр нэр дэвшигчдээ дэмжээд хамтдаа аваад гараад ирээрэй. Бузруудыг дараад өг. Буянуудыг гаргаад ир…

СОНГОГЧ ОЛОН ТҮМЭН МИНЬ ЭЭ.., НААД ХЭД ЧИНЬ ТА БҮХЭН РҮҮ ОЧИЖ ЯВНА…

ЭНЭ УДААД ТА БҮХЭН МИНЬ “ШҮҮРЭЭ” БАРИАД ЗОГСОЖ БАЙГААД МОНГОЛ ТӨРИЙН ӨНДӨР СЭНТИЙ РҮҮ ТЭМҮҮЛЭГСДИЙГ САЙН “ШҮҮРДЭЭД” ӨГӨӨРЭЙ ГЭЖ ЗАХЪЯ ДАА…

Эх сурвалж: Сануулга.мн

 

Санал болгох мэдээ

Засгийн газар Боловсролын зээлийн санг шилэн болгосон

Улстөрчид бодохдоо төсвийн мөнгө “уйлдаггүй”, төрийн сан “хоосордоггүй” гэж хулгайлдаг байх. Гэхдээ төсөв улайж, төрийн …